Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин нар өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл хийж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “БНСУ-ын гадаад хэргийн сайд Пак Жин наймдугаар сарын 28-30-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Найман жилийн дараа хэрэгжиж байгаа гадаад хэргийн сайдын айлчлал хоёр улсын өнгөрсөн 30 жилийн харилцааг дүгнэх, ирэх 30 жилийн хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлоход онцгой ач холбогдолтой юм.
Хамтын ажиллагааг таван тулгуур чиглэлд өргөжүүлэн бэхжүүлэх талаар санал солилцлоо. Монгол Улсын шинэ нисэх буудлыг бүс нутгийн хэмжээний тээвэр логистикийн зангилаа болгох, Хөшигийн хөндийд шинэ хот эдийн засгийн чөлөөт бүс байгуулах хүрээнд БНСУ-ын Инчеоны чөлөөт бүс байгуулсан туршлагыг судлах ажлыг амжилттай эхлүүлснийг талууд сайшааж, энэ чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохирлоо. Биеийн тамир, хүмүүнлэгийн салбарын харилцааг дэмжиж ажиллахаа талууд илэрхийллээ.
Эмчилгээний зорилгоор зорчих монгол иргэдэд БНСУ-ын визийн нөхцөлийг хөнгөвчлөх талаар болон агаарын нислэгийн тоог нэмэгдүүлэх талаар хамтарч ажиллахаар тохирсон. Монгол, АНУ, БНСУ-ын гурван талт уулзалтыг зохион байгуулах санаачилгыг БНСУ дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Солонгос улсууд стратегийн түншлэлийн харилцаа холбоо тогтоосны дараа би айлчилж байна. Биднийг халуун дотноор хүлээн авсан Б.Батцэцэг сайдад баярлалаа.
1. Бид стратегийн түншлэлийн харилцаагаа батжуулахад санал нэгдэв. Үүний тулд төрийн тэргүүнүүдийн харилцан айлчлалыг хэрэгжүүлнэ. Энэ оны сүүлээр хоёр улсын Засгийн газар хоорондын комисс хуралдана. Хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын уулзалтыг мөн зохион байгуулна.
2. Монгол Зүүн Хойд Азийн стратегийн түшиц улс юм. Мөн ардчилал, хүний эрхийн нийтлэг үнэт зүйл бидний дунд бий. Бид Монгол Улсыг АПЕК гэх мэт олон улсын байгууллагуудад идэвхтэй дэмжинэ.
3. Эдийн засаг, нийлүүлэлтийн сүлжээ, уул уурхай, уул уурхайн байгаль орчинд үзүүлэх нөлөөг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл, хөдөө аж ахуй, шинэ хот байгуулах салбарт бодит хамтын ажиллагаа эхлүүлнэ. Дэлхийд байгалийн баялгаараа аравдугаарт ордог Монгол БНСУ-ын нийлүүлэлтийн сүлжээнд чухал үүрэг гүйцэтгэнэ. Хагас дамжуулагчид ашиглах газрын ховор элементийг БНСУ-ын технологитой уялдуулахад идэвхтэй хамтран ажиллана. Ховор металлын хайгуулын хүрээлэнг ойрын хугацаанд байгуулна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээ байгуулах ажлыг шуурхайлна. Хөрөнгө оруулалтын асуудлыг ойрын хугацаанд шийднэ.
4.Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах туршлагаа та бүхэнтэй хуваалцана.
5. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг гэрээнд бид урьдчилсан байдлаар гарын үсэг зурлаа. Энэ салбарт хөрөнгө оруулах талаар тусгасан. Хоёр орон хүлэмжийн хийн хувиа бууруулахад энэ гэрээ хувь нэмэр оруулна.
6. ХАА-н салбарт технологи хөгжүүлэх нэвтрүүлэх, шинэ сортын үр нэвтрүүлнэ. Шар шороон шуурганы эсрэг хамтдаа тэмцэнэ.
7. “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийг дэмжин, монгол эмч нарыг БНСУ-д сургана.
8. Монголд БНСУ-ын 1500 орчим иргэн амьдардаг. Тэдэнд дэмжлэг үзүүлэх асуудлыг би Монголын эрх баригчдад тавилаа.
9. Умард Солонгос Улсыг цөмийн зэвсгээс татгалзуулах, манай Ерөнхийлөгчийн зоримог санааг би Б.Батцэцэг сайдад танилцуулав. Тэрээр биднийг дэмжин ажиллахаа илэрхийлэв. Солонгосын хойгт энх тайван тогтоох чиглэлээр олон улсын байгууллагуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллана. 2030 онд болох дэлхийн экспог бид эх орондоо зохион байгуулах хүсэлтэй байна. Энэ асуудалд дэмжлэг үзүүлэхийг бид Монголын талаас хүслээ. Бидний албан ёсны хэлэлцээ өнөөдөр амжилттай болсонд баяр хүргэн, ойрын хугацаанд Б.Батцэцэг сайд таныг манай Солонгын оронд тавтай морилохыг урьж байна гэв.
More Stories
Хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлүүдийг илрүүллээ
Энэ оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн Т нь ховор...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Энэ оны 1 улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээТөрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2026 оны 1...
“Хөх сувд” мөсний баяр “Гайхамшигт Хөвсгөл” уриан дор зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох” жил болгон зарлаж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна....