МХЕГ: Ховд, Сэлэнгээс хотод нийлүүлсэн тарвас стандартын шаардлага хангаж байна

Жил бүр улсын хэмжээнд тариалсан төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн чанар, аюулгүй байдалд Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинжилгээт хяналт шалгалтыг хийдэг. Өмнөх онд хийгдсэн шинжилгээт хяналтаар тарвасын дээжид тодорхойлогдох нитратын үлдэгдэл стандартын шаардлага хангаж байсан.

Энэ жил Дархан-Уул аймгийн иргэд гурван га талбайд тарвас тариалсан бөгөөд болц нь гүйцээгүй тул худалдаанд гараагүй байна.

Сэлэнгэ аймаг 56,9 га талбайд тарвас тариалсан. Энэ сарын 19-ний байдлаар 112 тонныг хураан авч нийслэл болон Дархан-Уул аймагт худалдаалах 71 тонн тарваст гарал үүслийн гэрчилгээ олгосон. Хоёр дээжид нитрат, пестицидийн үлдэгдэл тодорхойлоход стандартын шаардлага хангаж байна.

Ховд аймаг 532.3 га талбайд тарвас тариалсан бөгөөд худалдаанд буй тарвас, бусад хүнсний ногоо зэрэг 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний дээжид нитрат, ХОП, ФОП-ийн үлдэгдэл тодорхойлох, ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн шинжилгээ хийж байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт тариалан, хүлэмжийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэд нийтийн хэрэгцээнд нийлүүлэх зорилгоор тарвас тариалаагүй. Улаанбаатар хотод худалдаалагдаж буй Ховд, Сэлэнгэ аймгаас нийлүүлсэн тарвасаас дээж авч нитрат, пестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээг хийж байгаа. Одоогоор шинжилгээнд хамрагдсан бүтээгдэхүүнд эерэг дээж илрээгүй, стандартын шаардлага хангаж байгаа бөгөөд хяналт шалгалт үргэлжилж байна.

Тарвас  нь сорт, төрлөөс хамааран харилцан адилгүй өнгө, амт, хэмжээтэй байх боломжтой бөгөөд та дараах зөвлөмжийн хүрээнд тарвас худалдан авахыг зөвлөж байна.

  • Гарал үүсэл нь тодорхой, лабораторийн шинжилгээний бичигтэй бүтээгдэхүүн худалдан авах;
  • Наранд хэт халсан, хадгалалтын горим алдагдсан, ил задгай нөхцөлд худалдаалж буй тарвас худалдан авахаас зайлсхийх;
  • Стандартын байгууллагаар баталгаажсан гар багаж ашиглах.
  • Баталгаажсан гар багажаар бүтээгдэхүүнд шинжилгээ хийх явцад шинжилгээний дүн эерэг гарвал тухайн худалдааны газар болон иргэнийг Мэргэжлийн хяналтын байгууллагад яаралтай мэдээлж тус бүтээгдэхүүнээс  зохих журмын дагуу дээж авахуулж итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулах;

+ There are no comments

Add yours