Хотын дарга аа, Сэлбийн голоо ДАЛАН барьж хамгаалья

Ийн хэлэх болсон нь учиртай. Хотын дундуур урсдаг цөөхөн голын нэг Сэлбэ гол Санзайн амнаас эхээ авдгийг хүн бүхэн мэддэггүй байж магад. Гэтэл энд жилийн дөрвөн улиралд өдөрт дунджаар 1000 орчим машин, 4000-5000 хүн ирж агаар салхинд гарч зугаалдаг болохоор голын эхийг хүний тарьсан хог, хөнгөлж хаясан өтгөн шингэнээр дүүргэж, ой мод, бутыг нь сүйтгэж, энд тэндгүй задгай гал түлж, хуурайшилтай өдрүүдэд түймрийн эрсдлийг нэмэгдүүлдэг болсон нь харамсалтай. Хотын үзэмжийг нэмэх гэж эцсийн хүчээ шавхан урсдаг энэ сайхан голынхоо эхийг нийслэлийн сая гаруй хүн жилийн дөрвөн улиралд очиж түйвээж, ширгээж байгааг харах бүрд төрдөг ХОТЫН ТАВ ТУХЫН НЭГ БОЛ ГОЛЫН ДАЛАН юм байна гэсэн ганц бодол.
Та бүхэн яваад үзээрэй, Сэлбэ голыг замаас нь тэжээдэг байсан Хандгайт, Шарга морьт, Баянбулагийн амны жижиг голууд, Зуун модны болоод Дондогдуламын рашаан бүгд ширгэх нь ширгэж, газрын гүн рүү хулжиж одсон байна. Их хотын хоймор болох Санзайн амнаас Баруун Сэлбийн голын эх авч урсдаг. 30 гаруй мянган га-гаар хэмжигдэх энэ бүс нутагт ургамлын аймгийн долоон зүйл мод сөөг, 40 овгийн 183 зүйл ургамалыг орхиё. Зараа, туулай, хэрэм, үнэг хярс болон чоно, гахай, бор гөрөөс, халиун бугыг мартаж болно гэж үү. Нарс шинэс хуш холилдон ургасан онгон дагшин ой тайгаа зөнд нь орхиж чадна гэж үү.
Баруун Сэлбийн эх 2000 гаруй га энэ газрыг 2012 онд Нийслэлийн Иргэдийн хурлын шийдвэрээр Орон нутгийн тусгай хамгаалалтад авч, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Сэлбэ голын эхийг байгалийн нөөц газарт авах тогтоол гаргаж, хамгаалалтын дэглэмийг сахиулахыг Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болгож байж. Сэлбэ голын эх газрыг нэг байгаль хамгаалагч хариуцдаг бөгөөд модны хулгай, самарчдын хөл тасардаггүй энэ газрын хамгийн том аюул нь ойн түймэр. Уг нь орон нутгийн тусгай хамгаалалтанд авна гэдэг нь “хүний үйл ажиллагааг хязгаарлана” гэсэн үг. Харин энэ бүхэн цаасан дээр л хэрэгжихээс ажил болж хүнд хүрдэг нь даанч бага байгаа нь харамсалтай.
Голыг экологийн талаас нь авч үзвэл маш их бохирдож, бараг аюулын хэмжээнд тулсан байна. Бага Хэнтийн нуруунаас эх аван хотын төвөөр дайран өнгөрч Туул голын сэлбэдэг долоо найман гол байснаас 40-50 жилийн өмнө хотын хүүхдүүд шумбан нааддаг байсан Сэлбийн пионерийн зуслангийн хажуугаар урсдаг Зүүн Сэлбийн гол ширгээд хориод жил болсон байна. Сэлбэ голын сав газар нийтдээ 30 гаруй мянган га газрыг хамардаг. Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл ихтэй Санзай, Хандгайт, Баянбулаг, Шарга морьт, Майхан толгой, Яргайт, Шадивлан зэрэг 10 гаруй зуслан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хэдэн мянган айл өрхтэй гэр хороолол бүхий нутгийг дайран өнгөрдөг учраас маш их бохирдож. Гэтэл энэ голын дагуу бүсэд амьдрагчид бохир хувцас хунар, машинаа голд угааж, өвөл намар, хавар үнс хогоо асгадаг учраас бохирдол дээд хэмжээндээ хүрчээ.
Улаанбаатар хотын хэмжээнд үерээс хамгаалах 158 км далан суваг, инженерийн байгууламж, авто замын борооны болон хөрсний ус зайлуулах 176.2 км шугам, хөрсний ус зайлуулах 18.8 км шугам сүлжээ байдаг бөгөөд нийслэлийг үер усны эрсдэлгүй байлгахын тулд нэмэлтээр 300 км гаруй инженерийн байгууламж, шугам сүлжээ тавих шаардлагатай гэнэ. Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд үер усны аюултай бүс, голын ай сав, үерийн байгууламж орчимд 2.800 гаруй өрх амьдарч байгаагаас олонхи нь зөвшөөрөлгүй, болзошгүй аюулаас сэргийлж шилжин суурьших шаардлагыг ч үл тоодог хүмүүс аж.
Хамгийн гол нь нийслэлийн хэмжээнд үерээс хамгаалах 158 км далан суваг байдаг гэх ч тэр нь хавар, намар, өвлийн улиралд халиа дош үүсдэг цэгүүдэд үерийн ус зайлуулахаар баригдсан байгууламжууд болж таарав. 2022 онд Хан-Уул дүүргийн Жаргалантын аманд үерээс хамгаалах байгууламжийн иж бүрэн засвар шинэчлэлт болон одоогийн ашиглаж буй шугам сүлжээний шинэчлэлд нийтдээ 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөжээ. Мөн зүүн бүс буюу Баянзүрх дүүргийн 8, 17 дугаар хороог хамарсан Шархадны эцсээс Амгалан дулааны станц хүртэлх хавар, намрын улиралд халиа дошинд өртөх эрсдэлд амьдардаг айлуудад зориулан үерийн ус хаасан сувгуудыг иж бүрэн шинэчлэх, хөрсний усыг боловсруулж, дулааны цахилгаан станцын технологийн хэрэглээний ус болгон ашиглах ажлын ТЭЗҮ, зураг төслийг Дэлхийн банкны санхүүжилтээр боловсруулж дууссан гэнэ. Албаны эх сурвалж “үерээс хамгаалах инженерийн байгууламж нь асар өндөр өртөгтэй, эргэж зардал нөхөх боломжгүй байдгаас хөрөнгө оруулалт татахад хүндрэлтэй. Үерийн байгууламжийг 100 жилд тохиолдох хамгийн өндөр үерийн давтамжаар тооцоолж барьж байгуулдаг тул хөрөнгө оруулалт өндөр гардаг” хэмээсэн.
Ингэхэд хотын дарга аа??? Энэ нийслэлд тав тухаа ч бодсон, хөгжил дэвшлээ ч бодсон орчин цагийн бүхий л хотод байдаг томоохон гол дээр ДАЛАН барих цаг болжээ. Мэдээж үерийн ус зайлуулах хоолой биш жинхэнэ орчин үеийн хотын оршин суугчдын чөлөөт цагаа өнгөрүүлдэг соёлтой орчинг бүрдүүлсэн ДАЛАН баригдах цаг болчихож. Даланг зөвхөн үерийн ус зайлуулах хоолой төдийгөөр харах биш төвлөрсөн хотод хэрэгтэй төв гудамж шиг хөгжүүлж, барих, байгуулах цаг болжээ. Хотын дарга аа, хотод маань Сэлбэ голоо хамгаалсан, иргэддээ тав тухыг төрүүлсэн ДАЛАН хэрэгтэй байна. Сэлбийн голоо ДАЛАН барьж хамгаалья, хотын дарга аа???
Сэтгүүлч Х.Заяа

1 Comment

Add yours
  1. 1
    Anonymous

    Хотын иргэдийн сайн сайхан, аюулгүй байдлыг хангах нь ХОТЫН ДАРГЫН ҮҮРЭГ.
    голын далан сувгийг сайжруулж авто зам дагуух усаа жижиг, том голруугаа хийдэг болоосой! Хот нь усанд автаад автомашинаар усаа соруулдаг онигоотой хот шүү!

+ Leave a Comment