Авлигын тор сүлждэг аалз үржүүлгийн ферм шиг Монголын ТӨР

Төр булааж авсан компаниа дампууруулж, эсвэл захирлыг нь шоронд хийдэг “жишиг” тогтооход хүлцэн тэсвэрлэж “надад хамаагүй” хэмээн суусаар байх уу, хэдүүлээ. Төр хувийн өмчит компаниудыг ТӨР дургүйгээ хүрэхээр  булаагаад авдаг  жишиг тогтов, сүүлийн үед. Хамгийн гол нь төр ингэж аваад тухайн компаниуд цаашид хэвийн ажилладаг байсан бол бас дуугүй байж болмоор.  Гэтэл төрд очсон хувийн өмчит компаниуд алдагдалтай ажиллаж улс төрийн намын хамаарал, харьяаллаар томилогдсон дарга нар нь эхнээсээ шоронд хоригдож, ял эдлэх болсон учир дуугүй сууж болохгүй санагдаад байна.

Аргагүй шүү дээ, төрд байгаа төрийн өмчит компаниуддаа улс төрөөр мөрлөж албан тушаалд хүрсэн хүмүүс байж болох бүх төрлийн шахаах тултал хийдэг. Авлига, албан тушаалын хэрэг газар авч, төрийн өмчит болсон компаниуд татвар төлөгчдийн мөнгөөр хэсэгтээ балан цалан загнаж, адаг сүүлд нв авлига албан тушаалын хэргээр ялыг үүрсэн залуучууд ЗАХИРАЛ нэрээ  ХОРИГДОЛ нэрээр сольдог нь гэм биш зан болов. Хөгжлийн банкнаас зээл авсан төрийн өмчит компаниуд бүгд л зээлээ үргүй зарцуулсан гэдэг мэдээллийг иргэд нэг л өдөр авч, дөрвөн их наядын өр хуримтлуулсан Төрийн өмчит компаниудтай монголчууд нэг л өглөө танилцсан.

Төрийн өөрийнх нь байгуулсан компаниуд өдгөө 1.5 тэрбум ам.доллар буюу Чингис бондтой дүйцэх хэмжээний өртэй болсоноор барахгүй Монгол Улсын Засгийн газар 34 хувийг нь эзэмшиж буй Оюу толгой компанийг оролцуулж тооцвол өрийн хэмжээ 40 их наядаар хэмжигдэж буйг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага зохицуулалтын газрын дарга Ц.Баяр-Эрдэнэ сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа дэлгэрэнгүй хэлсэн.

Яагаад ийм зүйл болов? Төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниудын томилгоог зохицуулах хууль эрх зүйгүйгээс төр хувийн хэвшлээс булааж авсан компаний удирдлагын албан тушаалыг  “шагнал” мэтээр олгодог. Компанийн удирдлагаар томилогдсон нөхдүүд өөрийн өмч мэт захиран зарцуулж, өөрсдийгөө хүртэл урамшуулж, төсөв хямралтай байхад тансаглаж байдаг гаж гэхэд ч зөөлдмөөр тогтолцоотой ганцхан улс Монгол болохоо шахаж байгаа нь эмгэнэл биш гэж үү.

Төрийн өмчийг хороог татан буулгаж, бодлого хэрэгжүүлэх чиг үүрэгтэй яамд хүртэл аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх болсон нь Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар ажиллаж байсан Засгийн газраас эхлэлтэй гэж үзэж буруутгадаг хүмүүс цөөнгүй. Тэдний үзэж байгаагаар  Ч.Сайханбилэгийн Засгийн газраас гаргасан энэ шийдвэрийн улмаас төр хувийн хэвшлийн өлхөн гүйцэтгэчих зүйлийг булааж авч хариуцах болсноор замбараагүй болж, Эрдэнэт Хариуцлагатай компани хүртэл Төрийн өмчит газар гэсэн статустай болсон. Ингээд зогсохгүй, Төлөөлөн удирдах зөвлөлөөр шийдвэр гаргах биш ганцхан даргын шийдвэрийг үндэслэдэг болсон нь өнөөдрийг хүртэл ужгирч төр хүссэн үедээ хувийн хэвшлээс булааж авч төрийн өмчит үйлчилгээний газар гэсэн хаяг зүүн, улс төрийн сонирхлоор гүйцэтгэх захирлыг томилж, их хэмжээний алдагдалд оруулж самардаг нь хууль эрх зүйн ямар ч зохицуулалтгүй байгааг илтгэх хамгийн том жишээ болоод байна.

Ингээд дуусч байгаа бол хамаа алга хэмээн гүриймээр байгаа ч энэ бүх жонхууны дараа Улс төрийн нөлөөлөл бүхий намууд Төрийн өмчит компаниудыг хуваан авч, ноёрхолоо тогтоон улс төрийн үзэл санаагаа тасралтгүй  санхүүжүүлэх ээлжит “СААЛИЙН ҮНЭЭ”  бий болгох нь төрийн эрх мэдэл авсанаас дутуугүй нөлөөлөл бий үүсгэдэг гажиг үүсэв. Хамгийн харамсалтай нь шударга бус бүхэн хүчээ авч, авлигын мөнгөөр өөрсдийнхөө санхүүг босгон улс төрд зүтгэж албан тушаал эрх мэдлийн шатлалаа босгодог болсон нь дэндүү том эмгэнэл юм. 

Ингэхэд, төр яагаад өмчтэй байх ёстой юм бэ? Яагаад төрийн мэдэлд компани байх ёстой вэ? Төрийн өмчит компанийн хэрэгжүүлж байгаа ажил, үйлчилгээг хувийн компаниуд хийж болохгүй шалтгаан юу вэ? зэргээр учир шалтгааныг тодорхойлсон бодлогын чиг баримжаагүй, хууль эрх зүйн орчноо тодорхойлоогүй байгаагаас өнөөдөр төрийн мэдэлд ашиг орлоготой компани бүхнийг аваачиж орхиод байвал эдийн засгийн асуудлыг макро түвшинд ярихаар аргагүй байдал үүснэ. Төрийн өмчит компаниудыг зохицуулан удирдаж байгаа төрийн институтүүдийн өөрсдийнх нь зохион байгуулалт, бүтцийн асуудал, төрийн өмчит байгууллага, Засгийн газар, салбар яамд, нийслэлийн өмчид хэдэн компани байгаа, засаглал нь дотроо ямар ялгаатай вэ гэдгийг хувийн хэвшлээс булааж аваад төрийн мэдэлд очоод дампуурч байгаа, захирлууд нь орон шоронд орж байгаа, үйл ажиллагаандаа 00 зогсолт хийж байгаа олон тохиолдлоос харж болно.

Зарим хүмүүс хувийн компаниудтай төрийн компаниуд өрсөлдөж байна. Олон улсад ийм туршлага  зөндөө байгаа. Гол нь хувийн өмчит компани ажиллаж байгаа зах зээлд маш болгоомжтой ордог. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөний зарчмыг хадгалах зорилготой ордог. Үүний тулд  төрийн өмчит компанид өгч байгаа санхүүжилтийг маш нарийн аргаар шийддэг.  Тодруулбал, төрийн өмчит компани арилжааны, арилжааны бус гэсэн хоёр данстай байж арилжааны бус дансаар төрөөс ирэх дэмжлэгүүд нь орно. Харин арилжааны данснаас тухайн компани үнэхээр сайн ажиллаж чадаж байгаа эсэх болон гүйцэтгэх захирлын ажлыг хянаж дүгнэх боломж бий болдог зэргээр олон улсад төрөөс авч байгаа дэмжлэг санхүүжилтийг маш нарийн аргаар зохион байгуулдаг.

Гэтэл манайд энэ байдал эсрэгээрээ. Хамгийн наад зах нь  хувьцаа эзэмшигчдийн байдал ойлгомжгүй,тайлагнал нь хэцүү. Олон улсад ашигладаг нэгдсэн тайлангийн систем болох интегрэйтэд репортыг ашиглахаар хуульдаа ч тусгаагүй. Улс төрийн өмчийн удирдлага зохицуулалтыг салгаж тарамдуулах нь авлигын маш том эх үүсвэр. Компанийн засаглалын хамгийн чухал асуудал бол Төлөөн удирдах зөвлөл, түүний хараат бус ажиллагаа. Харин төрийн хамаарал бүхий компаниудад энэ бодлого алдагдсан. Хариуцлага хүлээх, хэлэлцэх түвшинд захирал дангаар ажиллаж, алдвал ганцаараа ачаа үүрч, оновол олуулаа ашгаа хүртдэг.

Үүний нэг хэлбэр нь 1996 оноос хойш хэрэгжээд явж байгаа ч бусад хуулийг даган өнгөрсөн хугацаанд 29 удаа  нэмэлт, өөрчлөлт орсон хуульд үүрэг учир дутагдалтай болсон. Мөн Компанийн тухай хууль 2011 оноос хэрэгжиж байгаа ч эрх зүйн зохицулалтууд учир дутагдалтай. Хэдийгээр хуульд өөрчлөлт оруулах төсөл яригддаг ч энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэд, судлаачид, олон нийтийн оролцоо хаагдмал.  Ийм атлаа хувьчлах ажил 1996 оноос хойш тасралтгүй явсаар 2019-2020 онд өмч хувьчлал хэрэгжүүлэх үндсэн чиглэлийг УИХ-д оруулсан чиглэл дотор МИАТ, Төрийн банк, Хөрөнгийн биржийг 100 хувь хувьчлахаар оруулсан. Мөн Авто зам засвар, арчлалтын 20 компанийг бүгдийг хувьчлах чиглэл оруулаад УИХ-аар хэлэлцээд Эдийн засгийн байнгын хороон дээр явж байгаа… Ингээд зогсохгүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр стратегийн орд газар, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа үр өгөөжийн дийлэнх хувийг олон нийт хүртдэг байхаар зохицуулж, хэрэгжүүлэхийн тулд хүссэн хүсээгүй бид стратегийн орд газрууд, уул уурхайн ашигт малтмалын орд газрууд дээр Үндсэн хуулийн агуулгыг хэрэгжүүлэхүйц зохион байгуулалт буюу төрийн оролцоотой компанийн зохицуулалт, хяналт байх ёстой болов. Энэ бүхнийг дурдсан шалтгаан нь төрийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлуудын томилгоог улс төрөөс хараат бус байлгах цаг хэзээ вэ?  Учир нь төр өмчтэй байх тусмаа авлигын тор сүлждэг аалз үржүүлгийн ферм шиг ажиллаж, улайрдаг болсон нь шившиг биш гэж үү???

Сэтгүүлч Д.Пүрэв

+ There are no comments

Add yours