“Өрх бүр улаалзгана тарья”

🍒Улаалзгана жимсний бутлаг мод нь манай оронд өргөн тархсан зэрлэгээр ургадаг бөгөөд Ribres rubrum гэдэг латин нэршилтэй, Англиар Red currant гэх ба тошлойн овогт хамаарагддаг 1-2 метр орчим өндөр ургадаг бутлаг сөөгөн ургамал юм.
🍒 Зэрлэг улаалзгана ньманай орны томоохон уул нуруудаар нарс, шинэс, гацууран ба хусан ой, тэдгээрийн зах, ойн цоорхой, сөөгөн ширэнгэбүхий газар, ой ба ойт хээрийн бүсийн салбар уулсаас эх авсан гол, горхины сав дагуу, нуранги хад, асгатай газраар ургадаг манай орны унаган ургамал юм. Хаана ургаж байгаагаасаа хамаараад 5 ба 6 –р сард цэцэглэж, 7 ба 8-р сард жимс нь боловсорно. Улаалзганы бут хавар эрт цэцгэлдэг багц цэцэгтэй, гүйцэд боловсорсон улаалзгана жимс нь улаанөнгөтэй, шүүслэг исгэлэн амттай, сайхан үнэртэй, амтлаг жимс ба таримал нь сортоосоо хамаараад чихэрлэг, исгэлэн гэсэн амттай байдаг.
🍒Модны онцлог болон таних шинж нь улаалзганын бутлаг мод нь ерөнхийдөө та бидний мэдэх үхрийн нүдний модтой ер нь их адилхан бөгөөд мэдэхгүй хүнд жимслээгүй үед нь бараг ялгахааргүй байдаг. Бутлаг иш нь үхрийн нүдийг бодвол арай босоодуу хэлбэртэйгээр илүү өндөр ургадаг, холтос нь хүрэн саарал ба навч нь арай жижгэвтэр тод ногоон өнгөтэй, навчийг нь хөдөлгөхөд болон имрэхэд үнэр нь бага байдаг. Гурван дэлбээ бүхий үхрийн нүдтэй ижил навчтай, цэцэг нь шар ногоон өнгөтэй, нэг ишиндээ 4-8см хэмжээтэйгээр багцалж ургадаг олон багц цэцэгтэй, 8-12мм хэмжээтэй бөөрөнхий жимстэй, нэг салаандаа 3-10 ширхэг жимс багцалж ургадаг, бутнаас дунджаар нэг бутнаас 3-4кг жимсийг зун намартаа хураан авах боломжтой байдаг.
🍒Ногоовтор өнгийн жижиг цэцгүүд нь бөөгнөрч байрлан унжмал залаа бүхий багц цэцгийг үүсгэж жимсэлдэг. Манайд импортоор авчирч нутагшуулсан нэлээд хэдэн сортын улаалзгана жимсний сортууд байдаг ба таримал нь сортоосоо хамаараад чихэрлэг исгэлэн гэсэнамттай, жимсний гарц нь илүү сайн байдаг. Монгол оронд ургадаг улаалзганын мод хаврын эхэн сараас ногоовтор шар цэцгүүд нь цэцэглэж, улаан өнгөтэй жимс нь 7-8-р сард боловсордог. Улаалзганын мод зуны хэт халалт, өвлийн хэт хүйтнийг тэсвэрлэж манай орны хаана ч, хөрс голохгүй төвөггүй ургах боломжтой.
🍒Улаалзгана жимс нь биологийн идэвхт бодис ихтэй ургамлын тоонд ордгоос гадна амин дэмийн чанараараа ч жимснүүд дотроо дээгүүрт ордог хүний эрүүл мэндэд итгэмээргүй их ач холбогдолтой жимсний нэг юм. Манай орны байгаль цаг уурт зохицон ургаж чадах тэсвэртэй, хамгийн тохиромжтой бут хэлбэрийн сөөгөн ургамлаас гардаг улаалзгана жимс юм. Жимснээс жүүс, чанамал, цэлцэгнүүр, цай, ханд, киссель, дарс, чихэр, амттан бэлтгэдэг. Шүүс ихтэй учраас ялангуяа ундааны зүйл, чанамал, амтлаг дарс бэлтгэхэд чухал түүхий эд болдог бөгөөд час хийсэн гайхалтай сайхан амттай байдаг. Улаалзганыг эмчилгээ болон хүнсний зорилгоор түүж авахдаа намар болц нь гүйцсэн үед нь мөчрийг гэмтээлгүй түүн хатаах эсвэл жимсээр нь хөлдөөж хадгална.
🍒Харин жимс суух цэцэг нь хавар хяруунд хэр цохиулж үлдсэнээсээ хамаарч жимслэлт нь тэр жилдээ өөр өөр байдаг. Ер нь бол үрнээсээ эхлээд ургасан бол 5дахь жилээсээ эхэлж цэцэглэж эхэлдэг бөгөөд мод нь жил бүр томрохын хэрээр жимслэлт нь нэмэгддэг. Хэдий манай орны байгаль цаг уурт зохицсон, ямар ч төрлийн хөрсөнд ургах боломжтой байдаг ч харьцангуй бусад жимсний моднуудтай харьцуулахад улаалзгана нь манайд аж ахуй болон айл өрхүүдэд бага тариалагдаж буй бутлаг ургамал юм.
“Өрх бүр улаалзгана тарья”

+ There are no comments

Add yours