Гүзээлзгэнэ хэрхэн тарих вэ

Гүзээлзгэнийг үрээр тарьж, үржүүлэх аргыг хүргэж байна

Гүзээлзгэнийн үр нь жимснийхээ гадаргад байрлана. Үр нь жимсний хананд шигдэн тогтож барзгар гадаргууг үүсгэсэн байдаг. Түүнийг ялгаж авахдаа жимсний хальсыг үрийн хамт нимгэн зүсэн авч уудаг цаасан дээр зүссэн талаар нь нааж тавина. Ингэхэд хоёр хоногт хатаж үрийг ялган авахад хялбар болно. Хатсан гадаргууг зөөлөн үрэхэд үр нь ялгарч унана. Үрийг тарихын өмнө манганы сулавтар уусмалд 30 минут дүрж ариутгаад цэвэр усаар зайлаарай.

Гүзээлзгэнийн үр маш жижиг тул услахад урсаж гарах учир үрийг хэд хэдэн шат дамжлагаар үрслүүлэн шилжүүлж тарина. Юуны өмнө үрийн соёололт тодорхойлох аргаар чийгтэй уудаг цаасан дэвсгэрт соёолуулна. Жижиг хавтгай сав дотор шил, хуванцар зэрэг хавтгай тавиурыг савны ёроолоос 2-3 см зайд тулгуур хийж хөндий байрлуулаад дээрээс нь уудаг цаасаар бүтээж үзүүрүүдийг нь савны ёроолд хүрэхээр тохож тавиад усны төвшин тавиураас 1-1.5 см доогуур байхаар ус хийнэ.

Ингэхэд тавиурыг бүтээсэн уудаг цаас байнга чийгтэй байна. Дээрээс нь 0.5-0.8 мм зузаантай шороо хийнэ. Ингэж чийглэгдсэн шороон дээр үрийг хооронд нь 0.5х1.0 см зузаантай жигд тарааж байрлуулна. Соёолуулах сав нь ямар ч хэлбэр хэмжээтэй байж болно. Үрийг соёолуулахаар тавьсан савыг шилээр юм уу гялгар уутаар таглаж дулаан газар тавина.

Шилэн таглаа нь агаарын температурын хэлбэлзлийг сааруулж сав дотор байх агаарын чийгшлийг тогтмол өндөр байлгах зориулалттай боловч өдөрт 1-2 удаа 10-20 минутын хугацаагаар сөхөж агаарын солилцоо хийж байхгүй бол хөгцөрч бохирдоно. Усыг дундрах үед нь байнга сэлбэж байна. Соёолуулах үрийг 18-25 хэмийн дулаан байранд байлгана. 18 хэмийн дулаанд үр 45-56 хоногт, 25 хэмийн дулаанд 30-35 хоногт жигдрэн соёолно.

Үрийг соёолтол гэрэл үзүүлэх шаардлагагүй бөгөөд шилэн таглаа дээгүүр бүтээж байна. Соёолох үед таглааг авч гэрэлтэй газар байлгана. Гэхдээ шилэн таглаатай нь цонхны болон ил газар наранд шууд тавихад бэхжээгүй ургамал түлэгдэх гэмтэй тул болгоомжтой ажиллах хэрэгтэй. Үрийг соёолмогц хөрс бүхий тусгай саванд шилжүүлэн суулгана.

Гүзээлзгэнийг талбайд суулгах

Суулгах үрслэг нь богино бахим иш бүхий 3-4 навчтай, оройн нахиа нь сайн хөгжсөн, сахлаг үндэстэй байвал зохино. Гаднаас авчирсан үрслэгийг тарихын өмнө заавал ариутгана. Аюултай өвчин үүсгэгч, хортон шавжны өндөг, авгалдай суулгацаар дамжин тархдаг. Ингэхдээ 10 литр усанд хоолны гурван халбага хүнсний давс, нэг цайны халбага зэсийн байван уусгаад 10-15 минутын хугацаанд үрслэгийг дүрж ариутгана.

Дараа нь цэвэр усаар сайтар зайлж суулгана. Янз бүрийн химийн бодис шаардахгүй хамгийн энгийн арга бол дулааны аргаар ариутгах явдал юм. Ингэж ариутгахад ариутгалын үр дүн 95-98 хувьд хүрдэг. Эхлээд халуун усанд сайтар дүрж угаагаад 10-15 температуртай хүйтэн усанд 15-20 минут дүрж хөргөнө.

Оройн нахиаг хэт гүн суулгавал түүний өсөлт нь саатаж ялзрах, хэт дээр суулгавал хатаж хуурайших муу нөлөөтэй. Суулгах ажлыг бүрхэг өдөр юм уу цэлмэг халуун өдөр бол оройн сэрүүнд хийнэ. Энэ нь тухайн нөхцөлдөө зохицох боломжийг олгоно. Суулгасан бутыг тойруулан жижиг тогоо гаргаж усалгаа хийнэ.

Гүзээлзгэнийг харьцангуй нягт буюу ургамал хооронд 15 см, эгнээ хооронд 60 см зайтайгаар суулгана. Ингэж суулгасан гүзээлзгэнээс эхний удаа арвин ургац авна. Дараа жилээс ургамал томрох үед хоёр ургамал тутмын нэгийг сийрүүлэн ухаж аваад өөр талбайд суулгана. Энэ нь бут томрохоос өмнө эхний жил талбайг бүрэн дүүрэн ашиглах боломжийг олгоно.

+ There are no comments

Add yours