Тоон гарын үсгийг хэрхэн олгох вэ?


Тоон гарын үсгийг хэрхэн олгох тухай мэдээллийг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас танилцууллаа.

Цахим гарын үсгийн тухай хуулийг 2021 оны арванхоёрдугаар сарын 17-нд УИХ-аар баталсан. Тус хууль энэ оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжинэ.

Улсын бүртгэлийн байгууллага нь гэрчилгээжүүлэх байгууллага бөгөөд 16 ба түүнээс дээш насны хоёр сая гаруй иргэнд таван жилийн хугацаатайгаар тоон гарын үсгийг олгохоор төлөвлөж байгаа аж.
Тоон гарын үсгийг иргэний үнэмлэхийн санах ой болон ухаалаг гар утасны аппликэйшнд байршуулна. Тухайн иргэн тоон гарын үсэг авах хүсэлтээ засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүйгээр улсын бүртгэлийн байгууллагын нэгжид биечлэн гаргах юм байна.

Тус байгууллага нь ажлын гурван өдрийн дотор дараах шийдвэрийн аль нэгийг гаргана.

Хүсэлтийг хууль журмын дагуу, үнэн зөв гаргасан бол тоон гарын үсгийг олгоно.
Мэдээлэл зөрүүтэй бол хүсэлтийг буцаана.
Тоон гарын үсэг нь эх баримт бичгийн бүрэн бүтэн байдлыг хангадаг бөгөөд цахимаар зурсан этгээдийг найдвартай таньж баталгаажуулах механизм ажилладаг учраас хуулийн дагуу гараар зурсан гарын үсэгтэй ижил хэмжээнд хүчин төгөлдөр хэмээн авч үздэг байна.

Түүнчлэн тоон гарын үсэг нь өндөр нууцлал бүхий нарийн технологийн суур бүтэцтэй байдаг ч энгийн хэрэглэгчдийн хувьд өдөр тутамдаа шууд ашиглаж болохуйц байдлаар бүтээгдсэнээрээ хэрэглэхэд хялбар, олон төрлийн зардлыг хэмнэдэг давуу талтай.

Хувь хүмүүс болон албан байгууллага орон зай, цаг хугацааг үл хамааран албан харилцаагаа явуулах боломж бүрдэж байна. Мөн төр, хувийн хэвшлийн байгууллагын цаасны хэрэглээг эрс бууруулах, үр нөлөөтэй арга юм. Жишээлбэл, интернэт банкаар дамжуулан хадгаламж барьцаалсан зээл, E-Mongolia системд өөрийгөө таниулан нэвтэрч олон төрлийн лавлагаа үйлчилгээ авах, цаашлаад гэрээ хэлэлцээр, өргөдөл хүсэлт гаргах, даатгал, эрүүл мэндийн үйлчилгээнд ч тоон гарын үсгийг нэвтрүүлэх бүрэн боломжтой.

+ There are no comments

Add yours