Ил 94 тэрбум, далд их наядын үнэлгээтэй газрын наймаа

Их наядаар үнэлэгдэх үнэлгээтэй 107 байгууллагын газрууд бүгд төрийн өмчийнх, мөн хотын А бүсэд байрладаг. 2018 оны зургадугаар сард Засгийн газрын тогтоолоор баталсан газрын суурь үнэлгээний жишгээр тооцоход 94 тэрбум төгрөгт хүрсэн. Харин зах зээлийн үнэлгээгээр тооцвол их наяд буюу 400 гаруй сая ам.доллар буюу хамгийн ашигтай байрлалтай, хамгийн өндөр үнэлгээтэй газар гэсэн үг.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, “Газар эзэнгүй, хяналтгүй, бүртгэлгүй байсан. Үүний улмаас дур зоргоороо газраа зардаг, наймаалдаг байсан. Өнөөдрийн хот төлөвлөлтийн бас нэг шалтгаан нь үүнтэй холбоотой. Газрыг бүртгэлгүй байлгах сонирхол түүнийг зарах, наймаалах тэр бүлэглэлд л ашигтай байсан. Тийм учраас газар эзэмших эрхийг заавал бүртгэхээр Бүртгэлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүний үр дүнд 2019, 2020 онд 122.407 газар эзэмших эрх бүртгэгдсэн. Бүртгэлгүйн улмаас сургуулийн захирал, эмнэлгийн дарга нар орчны газраа зараад хувийн зорилгоор ашиглаж байна. Нийслэлийн өмч байсан Паркийн газар яасан бэ? Гэмтэл, согог судлалын төв, хоёрдугаар эмнэлэг, гуравдугаар эмнэлэг, Эх нялхас … зэрэг эмнэлгийн газрыг хумсалж, орон сууц эсвэл өөр хувийн байгууллагын оффисын зориулалттай барилга барьсан байна. Энэ бол цэвэр газрын наймаа. Судалгаа харлаа, давхардаагүй тоогоор Улаанбаатар хот дахь төрийн 107 байгууллага хотын А зэрэглэлийн бүсэд 97.7 га газар дээр нийтийн орон сууц барьсан байна. Би батлагдсан зүйл ярьж байгаа шүү, 2018 оны зургадугаар сард газрын үнэлгээ тогтоох тухай Засгийн газрын тогтоолоор баталсан газрын суурь үнэлгээний жишгээр тооцоход дээрх 107 газрын суурь үнэлгээ нь 94 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ бол дундаж үнэлгээ. Харин эдгээр газрыг зах зээлийн үнэлгээгээр тооцвол их наяд хүрнэ. Их наяд гэдэг нь 400 сая ам.доллар шүү дээ. 400 сая ам.долларын үнэ бүхий газрыг төрийн өмчит компанийн дарга нар эзэмшиж байна гэсэн үг…” хэмээн бухимдан ярилцлага өгч байв, хоёр жилийн өмнө.

Нийтдээ 107 төрийн байгууллага өөрсдийн бүсэд багтах газартаа нийтийн орон сууц болон хувийн байгууллагын оффис барьсан байгаа. Эдгээрээс цөөнийг нэрлэхэд Гэмтэл согог судлалын үндэсний төв 2.840 м2, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар 1.776 м2, Улаанбаатар Төмөр зам 19.000 м2, Ерөнхийлөгчийн Тамгын газар 4.050 м2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 5.927 м2, Монголын олон нийтийн радио телевиз 2.922 м2, Олон улсын Найрамдал төв 984 м2, Удирдлагын академи 47.348 м2 газар тус тус эзэмшиж байсан.

Төрийн байгууллага газар үнэ төлбөргүй эзэмшдэг тул төрийн байгууллагын нэр дээр үнэгүй газар аваад орон сууц барьж борлуулж, ашиг олдог. Ашигтай байрлалд байгаа төрд бүртгэлгүй төрийн өмчийн газрыг зардаг бүхэл бүтэн сүлжээ байдгийн тод жишээ буюу газрын мафи. Яагаад төрийн албан хаагчдын авлига албан тушаалын гэмт хэрэг гэхээр ажлын өрөөнөөс нь хураасан хэдэн төгрөг харуулж, бөөн ажил болж баривчлаад төд удалгүй суллаад, гэнэт хоорондоо зөвшилцөөд нөгөө сүртэй хэргүүд таг чиг болчихдог юм бол. Төрийн нэр барьсан албан тушаалын энэ сүлжээний хамгийн гол судас нь төрийн байгууллагын төрд бүртгэлгүй газрууд учир МАФИ хэмээх том малгайн доор жигдэрч нуугдсан ШУНАЛЫН ХОНГИЛын үзүүрт ГАЗРЫН ХУЛГАЙ … тэр дундаа төрийн данстай байгууллагуудын ГАЗАР байгаа нь гашуун. Нийслэлийн өмч байсан Паркийн газар, Гэмтэл судлалын үндэсний төв, нэгдсэн хоёр, гуравдугаар эмнэлэг, Эх нялхасын газрыг хумсалж орон сууц эсвэл өөр хувийн байгууллагын оффисын зориулалттай барилга барьсан этгээдүүд хэн бэ? Үргэлжлэл бий…

Сэтгүүлч Х.Ган-Ялалт

+ There are no comments

Add yours