“Залуучууд дарвиж байгаад хууль бус үйл ажиллагаа руу орох вий гэж сэрэмжилж байна. Жагсаал цуглааныг өдөр эхэлсэн шигээ тайван замаар хийхэд хамтарч ажиллахыг хүсье”

Төв талбайд болж буй жагсаалтай холбогдуулан Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэл өгч байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Жагсаал цуглааны үеэр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид ажиллаж байсан. Насанд хүрээгүй хүүхдүүд жагсаалд оролцож байгаа талаар мэдээлэл ирж байна. Тиймээс эцэг эхчүүд насанд хүрээгүй хүүхдүүддээ анхаарал тавих хэрэгтэй.

Жагсаал цуглааныг өдөр эхэлсэн шигээ тайван замаар хийхэд хамтарч ажиллахыг хүсэж байна. Жагсаалын үеэр гал гаргах, дуу чимээ гаргах, тээврийн хэрэгслээс цугаараа гарч, суух зэрэг зүйлүүд байлаа. Цагдаагийн алба хаагч нар тухай бүрд нь зөвлөгөө өгөөд ажиллаж байна. Төрийн ордны орчимд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байх чиглэлээр цагдаагийн хамгаалалт гарсан. Үндсэн хуульд заасан эрхээ ямар нэгэн хууль, дүрэм зөрчихгүй эдлээсэй гэж хүсэж байна. Залуучууд дарвиж байгаад хууль бус үйл ажиллагаа руу орох вий гэж сэрэмжилж байна. Гал гаргах, дуу чимээ гаргаж байгаа нь залуучуудыг буруу зүйл рүү уриалж байгааг анхааруулъя” гэв.

+ There are no comments

Add yours