Өмнөд Солонгосын твиттерт “хэл сураад Канад руу цагаачилъя” сэдэв трэнд болжээ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний консерватив намаас нэр дэвшигч К-Трамп гэж хочлогддог Юн Сүк Ёл ялалт байгуулсны дараа “Канад руу цагаачилъя” гэх хаштаг Солонгосын твиттерт трэнд сэдэв боллоо.

61 настай, улс төрийн туршлагагүй, топ прокурор асан Юн Сүк Ёл ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд хамгийн цөөн саналын зөрүүгээр ялалт байгуулсан билээ.

Юн Сүк Ёл ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Солонгосын твиттерт “Канад руу цагаачлах” тухай сэдэв трэнд болж, найман цагийн дотор 16 мянга орчим жиргээ нийтлэгджээ.

@Im_not_pencil нэртэй хэрэглэгч “Англи хэлээ сайн сураад, мөнгө хурааж Канад руу цагаачилна. Ийм тэнэг газарт амьдрах хүсэл алга” гэж жиргэсэн байна.

Өөр нэг хэрэглэгч, @allow_opinion “Бүгдээрээ хичээж байгаад Канадад гарч амьдаръя. IELTS 5.5-аас дээш оноотой байхад Канад руу гарахад хялбар байдаг шүү” гэж жиргэжээ.

Юн Сүк Ёлын сонгуулийн компанит ажлын үеэр өгсөн амлалтууд иргэдийн дунд ихээхэн маргаан дагуулж байсан. Тухайлбал тэр хүйсийн тэгш эрх, гэр бүлийн яамыг татан буулгахаа амлаж, эмэгтэйчүүд хүйсийн ялгавартай байдалд өртдөггүй гэх мэтээр ярьж байжээ. Үнэндээ, Өмнөд Солонгос нь хүйсийн тэгш байдлын индексээр хөгжингүй улс орнууд дотроо сүүл мушгидаг аж.

Түүнчлэн Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн харгис дарангуйлагчийг магтаж, Африкийн орнуудыг дорд үзсэн үг хэлж, Ким Жон Уныг “бүдүүлэг хөвгүүн” гэж хочлоод өөрөө ерөнхийлөгч болоод “түүнээс сална”, Өмнөд Солонгос улс, Хойд Солонгост түрүүлж цохилт өгөх чадвартай байх ёстой гэх мэтээр яриад зогсохгүй АНУ-тай ойр түншилж, бүс нутаг дахь Хятадын нөлөөг хязгаарлахын төлөө ажиллахаа амлаж байжээ.

+ There are no comments

Add yours