“Энэ шавьд эрх зүйчийн диплом өгөөд, дараа нь Монголын ард түмний хувь заяаг сайхан шийдэж чадна гэсэн бидний итгэл найдвар алдагдсан”

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргааны зөвлөлөөс оюутан Б.Ариунзаяаг хасах саналыг хүргүүлсэн тухай мэдээлэл өгч байна.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор профессор н.Амарсанаа:

“Бид ул суурьтай хандах ёстой. Нийгмийн сэтгэл зүйд автах ёсгүй юм. Манай  оюутан Б.Ариунзаяагийн асуудлыг бид өчигдөр мэдсэн. Өнөөдөр энэ талаар ярилцан, хасах тухай саналыг МУИС-ийн захиргаанд хүргүүлэхээр шийдлээ. Олон нийтийг бухимдуулсан хэрэгт манай оюутан  холбогдсонд харамсаж байна. Хуулийн байгууллага энэ хэргийг шалгаж байна. Бид суралцагчтай гэрээ байгуулсан тул сургуулийн дүрмийг бүх оюутан мөрдөх учиртай. Мөн тухайн оюутан энэ дүрмийг зөвшөөрч, гарын үсгээ зурсан. Бид цаашид хуульчийн мэргэжлийн ёс зүйд анхаарч, зөв буруугийн ялгааг ойлгуулах ёстойг энэ явдлаас сургамж болгон авлаа. Манай сургууль 60 жилийн түүхтэй. Өмнө нь сургуулиас хасагдсан тохиолдол ч гарсан. Б.Ариунзаяа шилжин суралцах хүсэлт гарган, манай сургуульд ирсэн. Өмнөх сургуульдаа ямар дүнтэй сурдаг байсныг мэдэхгүй. Бид түүнтэй холбогдох гэж оролдсон ч чадаагүй тул мессеж үлдээсэн. Сургуулийн албан ёсны оюутны хаяг болон хувийн мэйл рүү нь яаралтай ирж уулзах хүсэлтээ хүргүүлсэн. Хариу өгөөгүй. Бид түүнд өөрийгөө зөвтгөх, хариу тайлбар хэлэх боломжийг олгосон.

Өмнө нь Зөрчлийн хуулийн дагуу шалгуулсан, эсэх талаар бидэнд мэдээлэл байхгүй байна. Хувь хүний нууцад хамаарах тул сургуульд мэдэгдээгүй байж болно. Манай сургуульд шилдэг оюутнууд суралцдаг тул бүх оюутныг ёс зүйгүй гэж хэлж байгаатай би санал нийлэхгүй” гэв.

Хууль зүйн сургуулийн доктор, профессор С.Нарангэрэл: “Сая манай сургуулийн захиргааны зөвлөл нэлээн их цаг хугацаа авсан. Оюутнаа оюутны эгнээнээс хасаж байгаа явдал нь багш нарын хувьд дэндүү хатуу зүйлтэй тулгарсан хэрэг.

Гэхдээ үндэслэл нь Монгол Улсын Дээд боловсролын тухай хуулийн 6.2 дугаар зүйлд тухайн оюутан суралцагч нь сургуулийн дотоод дүрэм журамд заасан үүргийг биелүүлнэ. Мөн Дээд боловсролын тухай хуулийн 45.2-т сургуулийн дотоод журмыг хүндэтгэн сахина. МУИС-ийн дүрэмд суралцагч нь ёс зүй, эерэг зан үйлийг чандлан сахих, эрдмийн нэр хүндийг хүндэтгэх үүрэгтэй гэж заасан. Энэ заалтууд зөрчигдсөн.

Захирлын хэлснээр хүмүүний ёс суртахуун, эелдэг харилцааны наад захын хэм хэмжээг ноцтой бөгөөд бүдүүлгээр зөрчсөн. Бид ийм нэр хаяг авч байгаа залууст эрх зүйчийн диплом өгөөд, дараа нь энэ шавь шүүгч, өмгөөлөгч, прокурор болоод Монголын ард түмний хувь заяаг сайхан шийдэж чадна гэсэн бидний итгэл найдвар алдагдсан. Тийм учраас ийм шийдвэр гаргахаас өөр арга байхгүй. Энэ бол хүмүүний ёс суртахууны тухай тэр дундаа ирээдүйд хуульч болох хүний тухай асуудал яригдаж байгааг анхааралдаа авна уу.

Түүнчлэн гэм буруутайг шүүх тогтоох хүртэл хэнийг ч буруутайд тооцохгүй. Монголын өнцөг булан бүрээс хуульч болох сэтгэл зүтгэл өвөртөлж ирсэн сайхан залуус бий. Энэ үйл явдлаас сургамж авч энэ залуусаа ёс суртахууных нь хувьд яаж бэлтгэх юм вэ гэдгээ дахин ярьсан. Ойрын хугацаанд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан болон багш нарын ёс зүйг эрс сайжруулах талаар тусгайлсан тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хууль зүйн сургуулийн захиралд сая үүрэг болгосон” гэв.

+ There are no comments

Add yours