Төрсөн эгч дүүсийн хуйвалдаанд нэрвэгдсэн Хөвсгөл гурил тэжээл компанийн түүх

Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2021 оны зургадугаар сарын 11-ний өдрийн 20 тоот шийдвэрээр иргэн Д.Ганбатад илт давуу байдал олгосон 2004 оны Хөвсгөл гурил тэжээл ХХК-ний дүрэм гэх хууль бус баримт бичгийг хүчингүй болгосонтой холбогдуулан Хөвсгөл гурил тэжээл ХХК-ний 1999 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн Бүх гишүүдийн хурлаас баталсан дүрэм, Компанийн тухай хуулийн 80.11, 80.12, 83.15 дахь заалтуудыг тус тус үндэслэн хуралдаж, Д.Нансалмаа, Х.Дэлгэрмөрөн нарыг ТУЗ-ийн гишүүнээр батламжлах, Хөвсгөл гурил тэжээл ХХК-ийн бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах, Хөвсгөл гурил тэжээл ХХК-ний Гүйцэтгэх удирдлагыг чөлөөлөх, сонгох тухай хэмээн тодорхойлж эхлүүлсэн хурал 2021 оны 10 дугаар сарын 25-нд хуралдсан байдаг. Харамсалтай нь Хөвсгөл гурил тэжээл ХХК-ийн ТУЗ-аас зарласан энэ хурлаас үр дүн гараагүйгээр барахгүй өмчийн, өмчлөлийн маргаан улам өргөжиж, ТУЗ-ийн даргыг хүчгүйдүүлж, хөрөнгийг нь булаах эгч дүүсийн заль болон үргэлжилсэн  байдаг. Өнөөдрийн энэ хөрөнгийн маргааны эхлэл 1998 оны төрийн өмчийн хувьчлалаас үүдсэн гэхээр мөнгөний нэр авсан шуналтай хүмүүсийн дунд нөхрөө нас барсаныг далимдуулан талийгаач нөхрийнхөө найзыг ганцаардуулж, залилахаас буцахгүй араншин нуугдаж байсан нь аймшигтай…

Өнөөдрийн хэргийн эхлэлд өчигдрийн хувьчлал сэдэл болсон уу?

1998 оны тавдугаар сарын 29. Монгол Улсын төрийн өмчийн хорооны тогтоол №396. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөвсгөл гурил тэжээл ХХК-ийн төрийн мэдлийн ногдол хувийг хувьчлах тухай… Монгол Улсын Нөхөрлөл компанийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 160 дугаар тогтоолыг үндэслэн Төрийн өмчийн хорооноос тогтоох нь:

1.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөвсгөл гурил тэжээл ХХК-ийн нийт ногдол хувийн төрийн мэдлийн 51 хувийг Монгол Улсын Нөхөрлөл компанийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу худалдсугай.

 2. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөвсгөл гурил тэжээл ХХК-ийн нийт ногдол хувийн төрийн мэдлийн 51 хувийг худалдах доод үнийг 96.867.000 \ерөн долоон сая найман зуун жаран долоон мянга\-н төгрөгөөр тогтоож, тус компанийн 49 хувийг эзэмшигчдэд худалдан авахыг санал болгосугай.

 3. Тухайн компанийн 49 хувийг эзэмшигчид худалдан авах эсэх саналаа энэхүү тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш  долоон хоногийн дотор гаргаж, доод үнийн 10 хувьтай тэнцэх дэнчинг санал өгсөн өдрөөс хойш гурван хоногийн дотор төлж, үлдэгдэл төлбөрийг 30 хоногт багтааж төлөхийг мэдэгдсүгэй… гэснээр 1998 оны 10 дугаар сарын 09-нд Монгол Улсын Нөхөрлөл, компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 160 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 1998 оны 328 дугаар тогтоол, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөвсгөл гурил тэжээл ХХК-ийн нийт ногдол хувийн 49 хувийг эзэмшигч бүх гишүүдийн 1998 оны долдугаар сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэл болон 07 тоот тогтоолыг  үндэслэн 96.867.000 \ерөн долоон сая найман зуун жаран долоон мянга\ төгрөгөөр зарагдсан.

No description available.

Хөвсгөл гурил тэжээл ХХК-ийн нийт 764025 ширхэг ногдол хувийн 51 хувь буюу төрийн мэдлийн 389656 ширхэг ногдол хувийг 96.860.600 төгрөгөөр үнэлж, Монгол Улсын “Нөхөрлөл, компанийн тухай хууль”-ийн 91 дүгээр зүйлийн 91.6 дахь заалтыг үндэслэн 49 хувийг эзэмшигчдэд нь эхний ээлжинд санал болгож худалдахаар шийдвэрлэснийг аймгийн Төрийн өмчийн төлөөлөгч 1998 оны долдугаар сарын 2-нд тус компанийн хамт олонд мэдэгдэж, санал болгожээ. Хөвсгөл гурил тэжээл ХХК-ийн 49 хувийг эзэмшигчид компанийн бүх гишүүдийн хурлаа 1998 оны долдугаар сарын 3-ны өдөр хийж уг хурлаар Төрийн мэдлийн 51 хувийн ногдол хувийг гишүүд өөрсдөө худалдаж авах нь зүйтэй гэж үзсэнээр тогтоол гарган Д.Бямбаа 190.900 ширхэг хувьцааны эзэмшигч болж 24.98 хувь, Л.Ганбат  121.756 ширхэг хувьцааны эзэмшигч болж 15.96 хувь, Б.Батсуурь,  М.Бат-Очир нар тус бүр 38.500 ширхэг хувьцааны эзэшигч болж 5.03 хувийг Хөвсгөл гурил тэжээл ХХК-д эзэмшихээр болсон” тухай уг тайландаа бичиж үлдээсэн байв. Харин тус компанийн  бүх гишүүдийн хурлаар дээрх хувьцаа эзэмшигчид ТУЗ-ийн гишүүнээр сонгогдож, ТУЗ-ийн гишүүдийн хурлаас Д.Бямбааг ТУЗ-ийн даргаар томилсон байдаг.

No description available.

Монгол Улсын нэрийн өмнөөс-1

Нэхэмжлэгч Д.Бямбаа нь хариуцагчаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийг татаж, 2004 оны наймдугаар сарын 21-ний хувь нийлүүлэгчдийн хурлаар шинэчлэн баталсан Хөвсгөл гурил тэжээл ХХК-ийн дүрмийг бүртгэсэн шийдвэр, тамга тэмдэг хаяж үргэдүүлсэн үндэслэлээр олгогдсон хяналтын дугаарыг хүчингүйд тооцож, тамга тэмдгийн хяналтын дугаарыг дахин олгосон Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн шийдвэрийг илт хууль бус байсныг тогтоохоор Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэх гаргасан байдаг. 

Энэ нэхэмжлэхийн талаар Хөвсгөл гурил тэжээл ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Бямбаагаас цөөн асуултад тодруулга авсан юм.

No description available.
Хөвсгөл гурил тэжээл ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Бямбаа

-Төрийн өмчийн хорооноос 1998 онд хувьчилсан Хөвсгөл гурил тэжээл ХХК-ийн төрийн мэдлийн 51 хувийг дөрвөн иргэн худалдан авсны нэг нь та. Таны хувьд энэ компанид хамгийн өндөр хувьцаа эзэмшигч. Мөн 1998 онд 80 гаруй сая төгрөгийг төлж, энэ компанийг худалдаж авсан гэж ойлгосон?

-1998 оны 10 дугаар сарын 9-ний 711 дүгээр тогтоолоор Хөвсгөл гурил тэжээл ХХК-ийн төрийн мэдлийн 51 хувь буюу 96.860.700 төгрөгийн үнэ бүхий ногдол хувийг Л.Ганбат, М.Бат-Очир, Б.Батсуурь нартай хамтарч  худалдан авсан. Ингэж худалдан авахдаа хамгийн их ногдол хувь буюу 51 хувийн 25 хувийг би ганцаараа худалдан авч, дээрх хөрөнгийн хамтран өмчлөх эрхийг авсан юм. Хөвсгөл гурил тэжээл ХХК-ийн дүрмийг 1999 оны гуравдугаар сарын 25-ны бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн баталсан байдаг юм.

-Компанийн бусад хувь нь нутгийн иргэдэд байсан гэсэн үг үү. Нийт хэчнээн хувьцаа эзэмшигч байсан бэ?

-Цэнхэр тасалбарын тархалтын бүртгэлээр 1999 онд 1500 гаруй жижиг хувьцаа эзэмшигч байсан.

-Нэгэнт компанийг төрийн мэдэлд байсныг худалдаж авсан хүмүүс жижиг хувьцаа эзэмшигчдээс ч бас хувьцааг нь цуглуулсан байх. Хэр их ажиллагаа орсон бэ?

-Өнгөрсөн хугацаанд компанийн удирдлагын зүгээс ногдол ашгаа дундын санд нэгтгэн дээр дурдсан жижиг хувьцааг төвлөрүүлэхэд зарцуулсан. Ингэснээр Брокерийн компани, Хөрөнгийн бирж, Үнэт цаасны хороонд бүртгэгдсэн нэг ч хувьцаа үлдээгүй болохыг холбогдох баримтаар баталгаажсан гэж хэлж болно. Тиймээс 2015 оны тавдугаар сарын 11-нд Хөвсгөл гурил тэжээл ХХК-ийн ТУЗ-ийг хуралдуулж, тус компанийн 94.3 хувийн хувьцааг нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигч нар болох би болон Л.Ганбат, Д.Нансалмаа нарын хамтаар харилцан тохиролцож болно гэж үзсэн.

-Ингэхэд Хөвсгөл гурил тэжээл компанийн үйл ажиллагаа хэдэн оноос доголдсон юм бэ?

-Хөвсгөл гурил тэжээл ХХК 2014 оныг дуустал гурил, тэжээл үйлдвэрлэх өөрийн үйл ажиллагааны үндсэн чиглэлээр хэвийн ажиллаж байсан. Гэтэл хамтран өмчлөгч болох Л.Ганбат бусад өмчлөгч нарт мэдэгдэлгүйгээр 1999 оноос эхлэн өөрийн эзэмшлийн 121.756 ширхэг ногдол хувийг 199.600 болгон өөрчлөх ажлыг эхлүүлсэн байгаа юм. 1999 оны гуравдугаар сарын 25-нд Хөвсгөл гурил тэжээл ХХК-ийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн баталсан Хөвсгөл гурил тэжээл ХХК-ийн дүрмийн 4.2 дахь хэсэгт заасан “…дор дурьдсан асуудлыг заавал бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Компанийн гэрээ, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах батлуулах…” заалт, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан заалтыг зөрчиж 2004 оны наймдугаар сарын 21-нд хувь нийлүүлэгчдийн хурлыг хуралдуулсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн дүрмийг шинэчлэн баталсан болгож Улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан. Энэ бол цэвэр луйвар юм.

-Яагаад?

-Ингэж хууль бусаар бүртгүүлсэн дүрмийн холбогдох зохицуулалтыг далимдуулан Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 4.696 тонн улаан буудайг хадгалах гэрээг өөрийн дураар хийж, хадгалсан буудайгаа буцаан өгөхдөө 1500 гаруй тонныг нь өөрөө завшсан байгаа. Ингэж завшсан буудайны төлбөр нэхэгдэхээр  бусад өмчлөгчид мэдэгдэлгүйгээр тэдгээрийн өмчлөх эрхэд халдаж Хөвсгөл гурил тэжээл ХХК-ийн өмчлөлийн обьектыг өрөнд шилжүүлсэн байдаг. Дутаасан буудайг Мон агро ХХК-ийн спиртийн үйлдвэрт ачуулсан. Энэ мөнгө ч сох дутсан.

-Хамтын ажиллагаагүй ганцаарчилсан ажиллагаатай хүн бололтой. Магадгүй хэтэрсэн шунал зоригтой ч гэмээр юм уу?

-Маш зальтай, луйварчин сэтгэхүйтэй хүн юм билээ. 2015 оны наймдугаар сарын 26-нд компанийн үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэрээр тамга тэмдгийг ТУЗ-ийн дарга надад шилжүүлсэнийхээ дараа “тамга тэмдгийг хаяж, гээгдүүлсэн” гэж худал зар мэдээ хэвлэлд нийтлүүлээд тамга тэмдгийг хуурамчаар үйлдэн, хуурамч тамга тэмдгээ ашиглан иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдтэй хэлцэл байгуулан дундын эд хөрөнгийг өмчилж эзэмшсэнээс олсон ашиг орлогыг дунд санд байршуулах, хамтран өмчлөх, захиран зарцуулах компанийн дүрмийг зөрчиж олсон ашгаа өөртөө завшсан нь 2015 оноос хойш Хөвсгөл гурил тэжээл ХХК-ийн обьектод байршуулсан үүрэн телефоны антен байрлуулсаны түрээс болох олон сая төгрөгийг байгууллагын дансанд байршуулалгүй хувьдаа завшсанаас илэрхий байгаа юм.

-ТУЗ-ийн даргад тамга байж байхад хуурамч тамга ашиглаад бусадтай гэрээ байгуулдаг компани байдаг аа. Ингэхэд орон нутгийн компаниуд ийм хариуцлагагүй байдаг хэрэг үү?

-Бүгдийг тэгж буруутгаж бас болохгүй.  Хамтын ажиллагаа, нөхөрлөл, удаан хугацааны итгэлцэл гээд олон зүйл дээр компани оршин тогтнодог. Хөвсгөл гурил тэжээл ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн хувьд Л.Ганбатад итгэхээс өөр арга байгаагүй. Энэ компанийг төрийн өмчөөс хувьд гарсан цагаас хувьцаа эзэмшигч, өмчлөгч, ТУЗ-ийн гишүүний нэг. Гэтэл ингэж бусад гишүүд нь итгэдэг хүн маань өөртөө л ашиг олох гээд бусад хувьцаа эзэмшигчдээ улан дороо гишгэж луйвардаж явсныг олж мэдэх үнэхээр аймшигтай. ТУЗ-ийн даргад тамгаа шилжүүлчхээд тэрийгээ гээгдүүлснээр зарлуулчхаад өөр тамга хуурамчаар хийж, өөр банкуудад шинээр данс нээгээд бусдыг луйвардаад явчихна гэдэг дэндүү том луйвар. Тиймээс энэ хэргийг хууль хяналтын байгууллагад хандаж шийдүүлэхээс өөр аргагүй болсон. Гэтэл бас нэгэн асуудал үүссэн байгаа.

-Ямар?

-Төрийн байгууллагад ажилладаг хариуцлагатай албан тушаал хашдаг атлаа хариуцлагагүй ажилласан бүртгэлийн ажилтан Насанбуянгаас үүдэлтэй. Хөвсгөл гурил тэжээл ХХК-ийн ТУЗ-ийн 2015 оны наймдугаар сарын 26-ны өдрийн тогтоол хүчинтэй эсэхийг хянахгүйгээр дахин тамга, тэмдгийн дугаар олгосон Улсын бүртгэлийн мэргэжилтний хариуцлагагүй үйлдэл үнэхээр анхаарал татсан. Тиймээс энэ талаар судалж үзэхэд Л.Ганбатын эхнэр хамаатнаараа дамжуулан энэ хэргийг үйлдсэн болохыг тогтоосон. Мөн ТУЗ-ийн даргын хувьд хууль зөрчсөн дээрх үйлдлийг тэр дундаа улсын бүртгэгчийн хууль зөрчиж үйлдсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар 2021 оны нэгдүгээр сарын 5-нд хүсэлт гаргасан. Харин энэ хүсэлтийн хариуг нэгдүгээр сарын 13-нд “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22.2-т заасны дагуу холбогдох маргаанаа шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү” хэмээн Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс өгсөн байгаа. Тиймээс Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 31 баримт бүхий нэхэмжлэл гаргасан. Харин Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны зургадугаар сарын 11-нд хуралдаж, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1,17.3, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөвсгөл аймгийн хуулийн этгээдийн улсын бүртгэгчийн 2004 оны наймдугаар сарын 21-ны хувь нийлүүлэгчдийн хурлаар шинэчлэн баталсан гэх Хөвсгөл гурил тэжээл ХХК-ийн дүрмийг бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоосугай гээд гаргасан.

Монгол Улсын нэрийн өмнөөс-2

2015 оны тавдугаар сарын 14-нд Сум дундын 27 дугаар шүүхийн шүүгч Н.Ариунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нэхэмжлэгч, Хүнс хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сан, хариуцагч Хөвсгөл гурил тэжээл ХХК-д холбогдох Улаанбуудайн үнэ, ирээдүйд гарах шүүхийн зардал буюу нийт 359.443.812 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцсэн байдаг.

Хүнс хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, хариуцагч Хөвсгөл гурил тэжээл ХХК нь тус сантай 2010 оны наймдугаар сарын 3-ны өдрийн “Буудай-20- тоот Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээгээр тонн нь 220.000 төгрөгийн үнэн бүхий 4.696.3 тонн, 249.700 төгрөгийн үнэ бүхий 223.1 тонныг тус тус нийтдээ 1.088.901.561 төгрөгийн үнэ бүхий хүнсний улаан буудайг дээрх гэрээний 4.5 дахь заалтад заасан хувиараар төлөхөөр худалдан авсан ч хүнсний улаан буудайн төлбөрийг “Буудай-20” тоот Хүнсний улаан буудай худалдах худалдан авах гэрээний дагуу төлөх үүрэгтэй ч одоо болтол барагдуулаагүй. Манай талаас хариуцагч талыг 2012 онд шүүхэд өгсөн бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй, талууд тооцоо хийгээгүй байна гэсэн үндэслэлээр шүүгч захирамж гаргаж буцаасан. Тиймээс бид хариуцагч талтай нийтдээ хоёр удаа тооцоо нийлүүлсэн бөгөөд  одоо 343.965.371 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл болон үндсэн өр болон ирээдүйд гарах зардал шүүхийн гүйцэтгэх ажиллагааны зардалд 15.478.441 төгрөг, нийт 359.443.812 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн байдаг.

Шүүхээс уг асуудлыг хянан хэлэлцээд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас нэхэмжилсэн 343.956.371 төгрөгийг компаниас олгуулж, улсын тэмдэгтийн хураамж 1.877.777 төгрөгийг хариуцагч Хөвсгөл гурил тэжээл ХХК-иас гаргуулж улсын орлого болгох шийдвэр гаргасан байдаг.

Эгч дүүсийн хуйвалдаан…

 Буруу зүйл хийсэн бол хэн ч байсан хариуцлагаа хүлээх ёстой. Тэр ч утгаараа Хөвсгөл гурил тэжээл ХХК-ийн ТУЗ-аас 2021 оны 10 дугаар сарын 25-нд хурал зарлаж, Д.Ганбатад илт давуу байдал олгосон 2004 оны Хөвсгөл гурил тэжээл ХХК-ний дүрэм гэгчийг хууль бус баримт бичгийг хүчингүй болгосон Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн Д.Нансалмаа, Х.Дэлгэрмөрөн нарыг ТУЗ-ийн гишүүнээр баталж, Хөвсгөл гурил тэжээл ХХК-ний бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах, тус компанийн гүйцэтгэх удирдлагуудыг өөрчилж, чөлөөлөн дахин сонгохоор болсон байдаг.

Учир нь тус компанийн ТУЗ-ийн гишүүн хувьцаа эзэмшигч Л.Хүчитбаатар нас барж, түүний эрх үүрэг өв залгамжлах эрхийн дагуу эхнэр Д.Нансалмаа, хүү Х.Дэлгэрмөрөн нарт шилжсэний зэрэгцээ М.Бат-Очир ногдол хувь болон түүнтэй холбогдох эрхээ 2014 оны зургадугаар сарын 9-ний гэрээгээр Д.Нансалмаад шилжүүлсэн учир холбогдох хууль дүрмийн дагуу тэднийг ТУЗ-ийн гишүүнээрээ нөхөн томилох шийдвэр гаргаж. Мөн энэ хурлаар Д.Ганбатыг компанийн тухай хууль, бүх гишүүдийн 1999 оны гуравдугаар сарын 25-нд баталсан Хөвсгөл гурил тэжээл ХХК-ийн дүрмийн дагуу ТУЗ-ийн гишүүдийн олонхийн саналаар гүйцэтгэх захирлын албан тушаалаас нь чөлөөлөхөөр болж. Ингэснээр тус компанийн ТУЗ-ийн дарга Д.Бямбааг компанийн гүйцэтгэх захирлаар, дэд захирлаар Х.Дэлгэрмөрөнг томилж шийдвэрлэсэн байдаг.

Дашрамд дурдахад Д.Ганбат нь Хөвсгөл гурил тэжээл ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа үүрэн телефоны компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулан гэрээний дагуу орж ирсэн 200 гаруй сая төгрөгийг эхнэр Д.Нарантуяагийн эзэмшилд байдаг Тэс гүн ХХК-иар дамжуулан завшсан байж болзошгүй хэргээр 2019 оноос Эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа нь ч ийнхүү шийдвэр гаргахад нөлөөлж.

Гэтэл эцсийн мөчид компанийн захирал хэмээх албан тушаалаасаа зүүгдсэн Д.Ганбатын ээлжит мэх “ажиллаж” тавхан хоногийн өмнө нэгнээ үзэхээ байтлаа муудалцсан эгч дүүсийг эвлэрүүлэх мэргэн санаагаа хэрэгжүүлсэнээр 30 гаруй жилийн түүхтэй Хөвсгөл гурил тэжээл ХХК-ийг тойрсон хэрүүл заргаа дарах гэсэн эгч дүүсийн эвлэрэл огт гэмгүй нэгэн рүү чиглэсэн нь Хөвсгөл гурил тэжээл ХХК-ийн ТУЗ-ийн дарга руу байх нь тэр. Өмчилж авсан цагаас л тус компанийн ТУЗ-ийн даргыг хийсэн Д.Бямбаагийн хувьд “ийм олон жилийн нөхөрлөл, итгэлцлээ ингээд алдчихна гэж санасангүй. Тиймээс бодит байдлыг газар дээрээс нь сурвалжлаад олон нийтэд хүргээд өгөөч. Чамайг аль ч талд үйлчлэхгүй, асуудлыг олон нийтэд хүргэж өгөх сэтгүүлч гэж зааж өгсөн хүний үгээр түүчээ болгож зорьж ирлээ” хэмээгээд “гурван сайхан хүүхдийн эцэг би, энэ амьдралын утга учир болсон ханиа миний төлөө санаа зовсоор энэ хорвоогоос буцахад нь ямар их шаналав. Одоо ч сэтгэл өвдөж, дахин дахин үхэж явна, дотроо. Заримдаа олон жилийн өмнө 1998 онд яах гэж энэ хувьчлалд оролцож, хөлгүй мэт орооцолдсон хэл ам, дуусдаггүй зарга, эгч дүүсээрээ нэгдээд хуулиас ч айхгүй хуурамч баримт бүрдүүлээд бусдын өмчийг өөрийн болгох гээд улайрах хүмүүсийг хараад ядрах юм. Даанч ядарлаа гээд орхичхоор хүч ядмаг  үр хүүхдээ яах билээ. Жирийн эдийн засагчаас Монгол Улсдаа үнэлэгдсэн Гавьяат эдийн засагч болтлоо зүтгэсэн 37 жилийн хөдөлмөр маань, ид идэвхтэй байхаасаа бизнес хийсэн хуримтлалаараа хөрөнгө оруулсан маань шуналтай хүмүүсийн гарт үрэгдэхийг харах хэцүү байна. Ямар сайхан үйлдвэртэй ямар том компани хүлээж авч, хамтарч босгож, хөгжүүлнэ гэж явсан билээ. Нэг л өдөр хамтарч ажиллаж байсан нөхөр маань хамар дороос хулгайлсаар дуусгаж, адаг сүүлд нь газрыг нь булаахаар аймгийн Засаг дарга, эрх мэдэл бүхий төрийн албан хаагчид бүлэглээд ороод ирэхэд бухимддаг юм байна. Нэг тэрбумаар үнэлэгдсэн компаний маань газрыг 150 сая төгрөгөөр авна гээд аймгийн Засаг дарга болсон хүү надад хэлж байхад “арай ч тэгж хүний өмчийг үнэгүйдүүлж болохгүй ээ” гэж байхдаа ийм том хуйвалдааны золиос болж, хохирно гэж бодсонгүй.

No description available.

Цагдаа, прокурор нар гурван жил гаруй хугацаанд хэргийг дарж хэвтлээ. Ийм шударга бус байж болохгүй шүү дээ, төрийн нэрийн өмнөөс хуулийг сахиулж, шударга ажиллах ёстой алба хаагчид бол цагдаа, прокурор гэж би ойлгодог байсан…” хэмээгээд хоолой нь зангирсан.

Нэг биш хэвлэл мэдээллийн байгууллагад, нэг биш сэтгүүлчид хандсан ч “нээрээ л болдоггүй юм шиг байна аа” хэмээн зөөлрүүлж хэлээд чимээгүй явж одсон Д.Бямбаа гуай шиг хэчнээн хүн төрд шургалсан сүлжээ, төрсөнөө ч ялгахгүй мэрээд барчихдаг шуналд ээрэгдэж цөхөрсөн болдоо хэмээн өөрийн эрхгүй бодогдож байсныг энд заавал хэлмээр санагдсанаар энэ удаагийн сурвалжилгаа өндөрлөе. 

Сэтгүүлч Х.Ган-Ялалт

+ There are no comments

Add yours