“Тэтгэврийн зээлээ төлж дуусгалгүй нас барсан иргэний зээлийг чөлөөлөх хуулийн төсөл боловсруулсан”

УИХ-ын гишүүн Ц.Туваан нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төслийн боловсруулсан талаараа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 450 мянган тэтгэвэр авагч байна. Эдгээр хүмүүс зарим нь тэтгэврийн зээлтэй байж байгаад ертөнцийн жамаар хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд тухайн зээлийг ар гэрийнхэн нь төлдөг тогтолцоо одоо үйлчилж байна.

Тэтгэвэр авагч банкнаас зээл авахад гэр бүлээс нь хэн нэг нь гарын үсэг зурж, хамтран зээлддэг. Ар гэрийнхэн нь зээлийг нь төлдөг, нас барсны гэрчилгээ авахын тулд зээлээ төлсөн байх ёстой зэрэг шаардлага тавигддаг учраас үүнийг чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.  

Өнөөдрийн байдлаар бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянган төгрөг орчим байна. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ ихээр нэмэгдэж байгаа энэ үед өндөр настнуудын тэтгэвэр амжиргаанд нь хүрэлцэхгүй байна. Эдгээр хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан.

Хуулиар тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлж байгаа. Тодруулбал, эрэгтэй 65, эмэгтэй 60 настай тэтгэвэрт гардаг болох бөгөөд энэ насанд хүргэхийн тулд улирал тутам гурван сараас тэтгэвэрт гарах насыг ахиулж байна. Гэтэл Монгол эрэгтэй хүний дундаж наслалт 66 байна гэдэг судалгаа гарсан. Тэгэхээр эрэгтэй хүн 65 настайдаа тэтгэвэрт гарлаа гэж бодоход дунджаар нэг жил л тэтгэврийн мөнгө авах нь. Энэ бол шударга бус. Яагаад гэвэл тухайн хүн нас туршлаа нийгмийн даатгалын шимтгэлийг цаг тухайд нь төлсөөр ирсэн. Хэрэв ийм асуудал тулгарвал үүсэх асуудлыг энэ хуулиар шийдвэрлэх юм” гэв.

+ There are no comments

Add yours