13 настай охиноос уучлалт гуйж, эрхзүйн тусламж үзүүлэх шаардлагыг БНСУ-ын ЭСЯ-нд хүргүүллээ

БНСУ-д дунд сургуульд сурдаг байсан 13 настай монгол охиныг дээд ангийн дөрвөн эмэгтэй сурагч нийлж зургаан цагийн турш зодож, хүчээр архи уулган, өрөөнд хорьсон ноцтой хэрэг гарсан. Болсон үйл явдал монголчуудын сэтгэлийг эмзэглүүлж, дуу хоолойгоо нэгтгэхэд хүргээд буй. Тэдний төлөөлөл өнөөдөр Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яамны гадна тайван жагсаж байна.

БНСУ-ын ЭСЯ-ны Консулын зөвлөх И Ёо Хон:
Бид гарсан хэргийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүлээн авсан. Улсын Засгийн газраас анхаарч, хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж бодож байна. Мөн энэ талаар өчигдөр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяртай уулзаж ярилцсан. Одоогийн байдлаар 40 мянга гаруй монголчууд БНСУ-д ажиллаж амьдарч байна. Энэ нь хоёр орны харилцааг бэхжүүлэх, улсын өсөлт хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж боддог. Хоёр улсын иргэд төдийгүй, ЗГ-ын түвшинд найрсаг харилцаа үргэлжилнэ хэмээн найдаж байна.

Иргэн Ж.Отгонбаяр: БНСУ-д эрх зүйн зөвлөгөө, тусламж авахад багагүй өндөр төлбөртэй. Тиймээс яам үүнд анхаарлаа хандуулж, хохирогч охинд туслах, уучлалт гуйхыг би иргэнийхээ хувьд шаардаж албан бичиг хүргүүлсэн. Өмнө нь мөн л БНСУ-д монгол бүсгүйн ажилладаг буудлын эзэн нь бэлгийн дарамт үзүүлж, татгалзахад нь нэг цаг гаруй зодсон хэрэг гарсан. Тэр үед БНСУ дахь ЭСЯ юу хийж байсан юм бэ? Монгол Улс иргэнээ мартаад удаж байна.

+ There are no comments

Add yours