М.Оюунчимэг: Халдвар аваагүй, хариуцлагатай 2.7 сая иргэддээ талархлаа илэрхийлж урамшуулах хэрэгтэй

Төрийн ордонд өнөөдөр Нийгмийн бодлогын Байнгын хороо хуралдаж, ирэх оны улсын төсвийн талаар хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын Байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Коронавируст халдвараар өвчилж нас барсан иргэддээ эмгэнэл илэрхийлж, ар гэрт нь яах вэ гэдэг талаар ярьж байгаа. КОВИД-19 туссан хүмүүст нь багц олгож санхүүжилт гаргаад явж байгаа.

КОВИД-19 тусаагүй, дархлаагаа сайн дэмжээд өөрийнхөө төлөө хариуцлагатай байгаа 2,7 сая орчим иргэндээ нэгдүгээрт талархлаа илэрхийлж, хоёрдугаарт тэр хүмүүстээ нэг удаагийн дэмжлэг юм уу сувилалд хамруулдаг ч юм уу, 2022 оны төсөвт ч гэсэн иймэрхүү хүмүүстээ яаж хандах талаар бодолцох хэрэгтэй.

Нийгэмдээ хариуцлагаа ухамсарлаад, цар тахлаас өөрийгөө болоод эргэн тойрноо хамгаалаад явж байгаа 2,7 сая хүндээ бид талархах ёстой. Хүмүүс хараад, биеэ зөв авч явдаг, эрүүл байдаг, дархлаатай байдаг хүмүүсээ ингэж гоё урамшуулдаг юм байна. Би бас анхаарах ёстой юм байна гэсэн ёс зүй төлөвшүүлж, төсөв төлөвлөгөөтэйгөө уях ёстой” гэв.

+ There are no comments

Add yours