ХСҮТ-ийн арын 59 гараашийг буулгаж, хавдраас урьдчилан сэргийлэх төв байгуулна

Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн хойд талд зөвшөөрөлгүй барьсан 59 тоосгон гараашийг өнөөдрөөс буулган, газрыг чөлөөлж байна. Хотын даргын гаргасан 2021 оны 250 дугаар захирамжийн хүрээнд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас  яаралтай газар чөлөөлөх чиглэлээр ажиллаж, гарааш өмчлөгч иргэдэд удаа дараа шаардах хуудас хүргүүлжээ. Өнөөдөртөө цагдаагийн алба хаагчдын хяналт дор гараашны хаалгыг авах бөгөөд эзэмшигч иргэдэд эд зүйлсийг нь хүлээлгэн өгөх, ирж аваагүй тохиолдолд түр хугацаанд журмын хашаанд хадгалах  юм. Чөлөөлсөн газар дээр хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн төв барьж байгуулахаар төлөвлөөд байна. ХСҮТ-ийн Бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан “ХСҮТ-ийн барилга 1982 онд ашиглалтад орсон. Тухайн үед Монгол Улсын хүн амын тоо  болоод хавдар өвчний тохиолдол одоогийнхоос эрс бага байлаа. Гэтэл өнөөдөр ХСҮТ-өөр нэг өдөрт 5-6 мянган хүн үйлчлүүлдэг, өндөр ачаалалтай эмнэлэг болсон. Ийм нөхцөл байдал нь хавдраас урьдчилан сэргийлэх, эрт оношлуулах хүсэлтэй иргэдэд хүндрэл чирэгдэл үүсгэж, эмнэлэгт үзүүлэх боломж нөхцөл нь бүрддэггүй. Тиймээс ХСҮТ-д хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх төв байгуулах зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм. Энэ асуудлыг тухайн гарааш эзэмшигчид ойлгож, хамтран ажиллаасай гэж хүсэж байна. Мянга мянган иргэдийн эрүүл мэнд, амь настай холбоотой асуудал гэдгийг ойлгоорой” гэв

+ There are no comments

Add yours