Үхэл зөвхөн буяны компаниудын бизнес биш…

Хэн ч анзаардаггүй, тэгсэн атлаа хамгийн чимээгүй, хамгийн ихээр газар авсан бизнес бол оршуулгын үйл ажиллагааг барьсан үйлчилгээ эрхлэгчид юм. Өөрөөр хэлбэл хүний үхлээр бизнес хийж, хөлжиж байгаа компаниудын эзэд мөн энэ чиглэлд хамтардаг эмч, эмнэлгийн нэр баригсад цагирган сүлжээ үүсгэж, хөрөнгөждөг хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл бол ШАРИЛ ТЭЭВЭРЛЭГЧИД. Тос дотроосоо өтвөл аюултай гэлцдэг монголчууд. Харин загас толгойноосоо өтдөг гэж оросууд ярьдаг. Манай улсад аливаа нэг байдлаар бохир мөнгө олж хөлжигчид ихэвчлэн ДАРГА нэрээр албан тушаал хашигчид байдаг. Энэ бүхнийг өгүүлэх болсон нь бидний 103 гэдгээр хамгийн сайн мэдэх Яаралтай түргэн тусламжийн төвд үүссэн асуудал юм. 

Үхлээр задарсан нууц…

Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Энэрэл төвийн дунд “шидэгдэж” эргэцсээр цэл залуухан 35 настай залуу халдварт өвчний улмаас амиа алдсан нь долдугаар сарын 3. Цар тахлын халдвар тээсэн болохыг тогтоосон шинжилгээ, оношилгооны бичгээ барин эмнэлгийн үйлчилгээ авах гэж зүтгэсээр энэ орчлонгоос буцсан хөөрхий залуугийн халуун амьсгал Эрүүл мэнд, Эмнэлгийн салбарын дарга сэтэртэй нөхдийн буруутай үйлдлээс болж тасарсан. Тиймээс бид талийгаачийн өмнөөс шударга ёсыг шаардаж, хариуцлага хүлээх ёстой албан тушаалтнуудад үүргийг нь сануулан эрэн сурвалжилсан юм. Ингэж яваад Монголчууд 103 гэдгээр нь маш сайн мэдэх Яаралтай түргэн тусламжийн төвд бугшсан идээ бээрийн нэгхэн хэсгээс атгаж, учиг хөвөхөд хүрсэн…  Энэ бол Шарил тээвэрлэх үйлчилгээ гэгч юм. Эндээс үхэл ганцхан буяны компаниудын бизнес биш буяны үйлчилгээ эрхэлдэг компаниуд шуурхай удирдлагын төв 103-ын нэр бүхий удирдлагын хамтарсан бизнeс болтлоо хөгжсөн байдгийг мэдэв. Учир нь сүүлийн \2014-2021 он\ долоон жилийн хугацаанд хийж байгаа хүмүүсээс өөр хэний ч анхаарал татахгүй нэгэн төрлийн маш ашигтай үйлчилгээ гарч ирсэн нь Шарил тээвэрлэх үйлчилгээ аж. 

2020 оны тавдугаар сараас албан ёсоор Яаралтай түргэн тусламжийн төвөөс иргэдэд үзүүлдэг үйлчилгээн дээр нэмэгдэж орж ирсэн нэгэн төрлийн шинэ үйлчилгээ гэсэн бүртгэлийг холбогдох эх сурвалжийн мэдээллээс харсан ч бас нэгэн эх сурвалж Яаралтай түргэн  тусламжийн төвөөс 2021 оны нэгдүгээр сараас албан ёсоор үйлчилгээ, тариф гарган иргэдээс ирүүлдэг хэрэгцээнд тулгуурлан үйлчилж эхэлсэн гэж хэлсэн. Эндээс л уг үйлчилгээ анхаарал татаж эхэлсэн юм. Учир нь сэтгүүлчид мэдээлэл өгсөн эх сурвалжууд бүгд Яаралтай түргэн тусламжийн төвийн ажилтнууд. Харин тэдний үг зөрж эхэлсэн учир өөрийн эрхгүй анхаарал татсан юм. 

С.Ариунболд: Шарил тээвэрлэх үйлчилгээ надад хамааралгүй

Яаралтай түргэн тусламжийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга асан С.Ариунболдыг Шарил тээвэрлэх үйлчилгээний компанитай, мөн буяны чиглэлээр ажилладаг бусад компаниудтай нягт хамтарч ажилладаг талаар манайд редакцид мэдээлэл ирсний дагуу бид түүнээс уг асуудлыг тодруулсан юм. 

-Яаралтай түргэн тусламжийн төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалыг та 15 жил хашиж ажилласан байна. Харин таньтай холбоотой, тэр дундаа шарил тээвэрлэх үйлчилгээ эрхэлж ашиг олдог бизнес эрхэлдэг гэдэг мэдээлэл ор үндэслэлгүй зүйл гэдгийг та хэрхэн батлах юм бэ?

-Харин наад асуудлыг чинь би гайхаж байна. Шарил тээвэрлэх үйлчилгээ албан ёсоор хийгддэг. Гэтэл энэ үйлчилгээг надад нааж, надад хамааруулаад байгааг ойлгохгүй байна. Надад ч эвгүй байна, хэсэг хүмүүс л энэ талаар яриад байгаа юм.

-Ор үндэслэлгүй зүйл гэнэт яригдахгүй шүү дээ. Мөн таныг энэ үйлчилгээтэй хамаатуулж ярьж байгаа хүмүүс танай байгууллагаас хамааралтай хүмүүс байна шүү дээ?

-Өчигдрөөс \2021.07.06\ хойш нэр бүхий улсууд шарилтай холбоотой юм тавиад байгаа. Энийг нь би бүгдийг нь хэвлээд цагдаагийн байгууллагад өгчихсөн. Нэр төрөө сэргээлгэх гэж. Та нар өөрсдөө эмч нараас асуу. Эмнэлгийн дундын машин гэж явдаг, иргэдийн хүсэлтээр шарилыг нь тушаагаад хүргэж өгөөд мөнгө тушаадаг. 

-Тэр үйлчилгээг авахад 80.000, 85.000, 65.000 гэсэн гурван янзын үнэ байдаг юм байна. Энэ танай байгууллагаас батлагдсан тариф уу?

-50 мянган төгрөг байдаг байх. Тэр мөнгийг нь кассанд тушаадаг. Манай ээлжийн ахлагч энд оролцдог, би тэр мөнгийг нь аваад кассанд тушаадаг хүн биш. Жолоочид өгсөн бол жолооч нь бас нэг газар тушааж байгаа биз дээ. Доор ээлж ахлагч дээр мөнгө тушаасан баримт нь байгаа, үзээд яв.

-103 гэсэн машин Шарил тээвэрлэлтэд явдаг юм байна?

– Эмнэлэг дундын машин гээд тусдаа машин явдаг, тэр чинь болохоор шарил хадгалах газрууд чинь манай харьяа биш. Эд нар чинь тав, зургаан шарил хадгалчихсан манай машинд хүргэж өгдөг. Тэгээд тэр газар хүргэж өгчхөөд иргэн өөрөө утсаар захиалга өгнө. Манай эмчгүй машин очиж авна. Хойноо насилктай. 

-Уучлаарай, иргэн утсаар захиалга өгөхөд эмч нөлөөлдөг. Дуудлагаар ирсэн эмч үзлэг хийгээд талийгаачийг нас барсаныг бүртгээд ийм утас руу залгаж, морг руу шарилыг нь тээвэрлүүлээрэй гэдэг юм байна. Эндээс харахад Яаралтай түргэн тусламжийн төв, Буяны байгууллага, морг… гэсэн гурвалсан холбоо гарч ирээд байгаа юм шүү дээ?

-Тэрийг чинь яриад байна. Ээлжийн ахлагч талийгаач болсон дуудлагыг нь аваад, дуудлагын бүртгэлд оруулдаг. Харин тэр үйлчилгээг иргэн захиална. Энэ талаар тэдэн сарын тэдний өдөр, тэр дуудлаганд ийм жолооч явсан, мөнгөө тушаасан, хаашаа орсон гээд бүх юм ил, нээлттэй байгаа. Доошоо ээлж ахлагчтай уулзаад, шарил хадгалах үйлчилгээ ямар үе шаттай явагддаг гээд бүгдийг нь харж болно. 

Хамгийн гол нь та яагаад энэ үйлчилгээтэй холбоотой болоод байгаа юм. Таны үгээр бол танд хамааралгүй, танай байгууллагаас иргэдэд үзүүлдэг үйлчилгээ бололтой байх юм?

-Миний хувьд гэр бүлийнхээ хувьд ч эмзэглэж байна. Би өөрөө жолоочоос нь мөнгийг нь аваад 45.000 цаасыг нь улсад нь өгөөд, 40.000 цаасыг нь кармаалж байна гээд ёс зүйн хувьд бодоод үз дээ. Би 15 жил эндээ эмчилгээ эрхэлсэн орлогчоор ажилласан. Би сувилагчаар ажиллаж байсан, дараа нь эмч болсон, дуудлагын эмч, ээлжийн ахлагч тэгээд эмчилгээ эрхэлсэн орлогчоор 15 жил ажиллаж байгаа. Чи яваад сайн сурвалжлаад өгөөрэй. Магадгүй энэ асуудлыг би цагдаад өгч шалгуулснаас хурднаар сэтгүүлч араас нь хөөцөлдөөд учрыг нь хурдан гаргах байх. Одоо бүх асуудлыг сошиалд маш шуурхай шийдвэрлэдэг болсон байна. Чи яваад үз, манай ээлжийн ахлагчтай уулзаж мэдээлэл ав. Мөн Санхүүгийн албанд очоод хэдэн төгрөгийн орлого орсоныг тодруулчих.

-Би тантай уулзахын өмнө судалж үзсэн. Танайхаас таны зөвшөөрөлгүй мэдээлэл гаргахгүй байна л даа?

-Би зөвшөөрч байна. Тэдэнд хэлчихье, одоо очоод надаас асуугаад байгаа мэдээллээ тэд нараас аваарай. 

н.Баярсайхан: Хоногт 2-5 дуудлага ирдэгийг ээлжийн ахлагч жолооч нарт хувиарладаг 

Ингээд бид Яаралтай түргэн тусламжийн төвийн ээлжийн ахлагч н.Баярсайхантай уулзаж цөөн асуултад хариулт авсан юм. Биднийг С.Ариунболд даргын өрөөнөөс гарч нэг давхарт байрладаг ээлжийн ахлагчийн өрөөнд очиход дотоод утсаар даргатайгаа холбогдон ямар мэдээлэл сэтгүүлчид өгөх тухайгаа тодруулж байв.

Шарил тээвэрлэх үйлчилгээний талаар тодруулахаар таньтай уулзаж байна. 103 гэсэн хаягтай, зөвхөн жолоочтой машин шарил тээвэрлэх төлбөртэй үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. Үйлчилгээний төлбөр 65.000, 80.000, 85.000 гэсэн гурван янз байдаг юм байна?

-Манайхаас эмнэлэг дундын машин гээд гаргаж иргэдээс ирүүлсэн дуудлагын дагуу шарил тээвэрлэх үйлчилгээ үзүүлдэг. Мөн хүнд өвчтөнг хувийн эмнэлэг хооронд зөөвөрлөх, эмнэлгээс гэртээ гарахад нь тээвэрлэх зэрэг дуудлага, захиалга өгсөн иргэдэд төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг. 85.000 төгрөг, 65.000 төгрөгний үнэ ханшийг мэдэхгүй. Манайхаас үйлчилж байгаа машин бол хот дотор тээвэрлэлт нь 50.000 төгрөг байдаг. 

-Таны хэлж байгаа үнэ байхгүй байна л даа. Иргэд эмнэлэг хооронд болон эмнэлгээс гарахад 65.000 төгрөг, харин морг руу шарил тээвэрлэхэд 80.000, 85.000 төгрөг төлж байгаа. Түүнээс гадна энэ үнийг заавал бэлнээр төлдөг юм билээ?

-Манайд 7012 дугаарт дуудлага өгч, үйлчилгээ авахад 50.000 төгрөг байдаг. Бусад үнийг би мэдэхгүй.

-Дуудлагыг ээлжийн ахлагч хариуцдаг. Тиймээс үйлчилгээнд явж байгаа жолооч нарыг тэр хүн хуваарилдаг гэж ойлгосон?

-Тийм. 

-Ингэхэд Яаралтай түргэн тусламжийн төвөөс шарил төлбөртэй тээвэрлэх үйлчилгээг хэзээнээс хийж эхэлсэн юм бол?

-2021 оны нэгдүгээр сар орчмоос, ер нь бол он гараад л явдаг болсон.

-Дуудлагыг ажлын цагаар авдаг уу?

– 24 цагаар явдаг. Энэ бол эмнэлгээс гэртээ гарч байгаа эсхүл ямар нэг байдлаар хувийн эмнэлэг рүү тээвэрлэх, хувийн эмнэлэг хоорондоо тээвэрлүүлэх, бурхан болсон хүмүүсийг морг руу тээвэрлэдэг үйлчилгээ учир 24 цагаар машин бэлэн байлгаж үйлчлэх ёстой. 

-Танай үйлчилгээг авахад Шуурхай удирдлагын төвийн 103 дугаарт мэдэгдэх үү?

-Тэгж болно. Мөн манай 7012 гэсэн дугаартай холбогдоод захиалга өгснөөр бид машин, жолоочоо явуулдаг байгаа. Мэдээж байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ учир бид мөнгө тушаасан баримт өгдөг. Мөнгө тушаасан баримтыг ээлжийн ахлагч би цохож өгснөөр Яаралтай түргэн тусламж үзүүлэх төвийн касс буюу данс руу тушаадаг.

-Та ямар ч төрлийн үйлчилгээ авсан 50.000 төгрөг төлдөг гэлээ. Харин гадуур өөр үнэлгээ байдгийг авсан хүмүүс баталж байгаа?

-Тэрийг нь бол сайн мэдэхгүй. Ер нь бол тийм хувийн компани байдаг шүү дээ. Ийш тийш хөдөө орон нутаг руу тээвэрлэдэг. Манайх бол түргэн тусламжийн албан ёсны мөнгө тушаасан баримтаар 50.000 төгрөгөөр хот дотор тээвэрлэдэг. 

-Дуудлага аваад ирсэн машин 103 гэсэн таних тэмдэгтэй танай төвийн машинууд байдагт учир байгаа юм л даа?

-Түргэн тусламжаас 24 цагаар ээлжийн ахлагч нарт өгөөд тэрүүгээр зөөвөрлөөд мөнгө төгрөгийг нь кассаар тушаадаг. Өдөр бол доод тал нь 2-3 дээд тал нь 5. Төөрөлдөх шаардлагагүй цөөхөн үйлчилгээ шүү дээ.

Б.Отгонтэнгэр: Энэ оны долоон сарын байдлаар 17 дуудлагын 850.000 төгрөг санхүүд тушаагдсан байна

Эндээс бид Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн хойно орших Яаралтай түргэн тусламжийн төвийн бааз дээр очсон юм. Учир нь шарил түгээх үйлчилгээнээс уг төвд хэчнээн төгрөгийн орлого орж ирдгийг тодруулахаар тус төвийн ерөнхий нягтлантай уулзах ёстой. Бид тус төвийн ерөнхий нягтлан бодогч Б.Отгонтэнгэртэй уулзав.

Яаралтай түргэн тусламжийн төв хэдэн оноос шарил төлбөртэй тээвэрлэж эхэлсэн бэ?

-2020 оны тавдугаар сарын 1-нээс нэг тээвэрлэлтийг 50.000 төгрөгийн төлбөртэйгээр тооцож эхлүүлсэн байна. \тооцооны хуудас харуулав\ 

-Танай ээлжийн ахлагч 2021 оны нэгдүгээр сараас эхлүүлсэн гэж хэлсэн?

-Миний хувьд санхүүгийн хүн. Тиймээс барагцаа тоо ярих боломжгүй л дээ. 

-Өдөрт хэдэн удаагийн тээвэрлэлт хийдэг юм бол. Ээлжийн ахлагч бол өдөрт 2-5 удаагийн тээвэрлэлт хийгддэг гэж хэлсэн?

-Тийм олон бишээ. Энд би танд харуулж байгаа тооцооны хуудаст бүртгэгдсэн дуудлагууд байна. Өдөр болгон тээвэрлэлт хийгдээгүй байна даа. 2021 онд нийт хийгдсэн тээвэрлэлт 17 байна. 

Арай үгүй байлгүй дээ?

-Би санхүүд ирсэн баримтанд тулгуурлаж мэдээлэл өгч байгаа. Нэг удаагийн тээвэрлэлт 50.000 төгрөгийн үнэтэй гэхээр 2021 онд 850.000 төгрөг манай төвийн дансанд орж ирсэн байна. 

Энэ үйлчилгээг авч байсан иргэд гурван өөр үнэ хэлж байсан. 65.000, 80.000, 85.000 төгрөг. 50.000 төгрөг гэсэн үнэлгээ байгаагүй дээ.

-Нэг удаагийнх нь 50.000 төгрөгөөр анхнаасаа л ийм тогтсон үнэ байсан. Бусад үнийг мэдэхгүй.

Ингэхэд ээлжийн ахлагч өдөрт 2-5 дуудлага ирж, үйлчилгээ авдаг гэсэн шүү дээ. Гэтэл санхүүд бүртгүүлж тушаагдсан орлогын баримт долоон сарын хугацаанд 17 л байна?

-Манай ээлжийн ахлагч нар өөрсдөө дуудлагаа аваад сул байгаа жолооч нарыг явуулаад баримтаа авчирдаг. Өдөрт гурван дуудлага… гэх мэтээр орлого орж ирдэггүй гэдгийг би танд баримт үзүүлээд хэлж байна шүү дээ. Миний хувьд санхүүгийн хүн. Цаасан дээр бүртгэгдсэн санхүүгийн баримтыг үндэслэн ярьж байна. Нэгдүгээр сард нэг, хоёрдугаар сард нэг, гуравдугаар сард байхгүй, дөрөвдүгээр сард гурван дуудлага бүртгэгдэж, төлбөр нь хийгдсэн байна. 

Ингэхэд 50.000 төгрөгийг үйлчилгээний төлбөрт яаж тооцож баталсан юм бол?

-Яалтгүй, иргэдээс энэ төрлийн үйлчилгээ шаардах болсон учир хэрэгцээг дагаж нэвтэрсэн үйлчилгээ. Тиймээс  Пүрэвдаш захирал, Улаанбаатар хотын зургаан дүүрэгт, ойрын зайны тээврийн хөлсөөр ийм үйлчилгээгээр хангана гэж тогтоол гаргаж, баталсан үйлчилгээ. Энэ бол зардлаа л тооцож гаргасан ханш. Үйлчилгээний хөлс ороогүй. Зөвхөн тээвэрлэлтийн л өртөг шингэсэн үйлчилгээ. Одоо хүртэл энэ ханш өөрчлөгдөөгүй.

Дахиад асууя, 50.000 төгрөгөөр тусдаа яригдаж байгаа гурван төрлийн төлбөрийг та үнэхээр мэдэхгүй юу?

– Манайд ерөөсөө тийм ханшаар орж ирсэн орлого байхгүй. 

Албаны хүмүүс ийн хариуллаа. Өөрөөр хэлбэл нэг сэдвээр гурван өөр хариулт. Үнэндээ аль нь ч туйлын үнэн гэж хэлэхэд хэцүү ч эрхээ биш баримт нь цаасан дээр байгааг харж хэлж байгаа учир тус төвийн ерөнхий нягтлан бодогч эмэгтэйг үнэн ярьсан гэж ойлгосон. Харин орлогч дарга асан С.Ариунболд болон тухайн өдрийн ээлжийн ахлагч н.Баярсайхан нар юуны учир худал ярив… гэдэг үнэхээр гайхал төрүүлсэн юм. Аливаа зүйлд сэтгүүлч дүгнэлт хийх утгагүй. Харин байгаа байдлыг шууд гаргаж, уншигчид өөрсдийн дүгнэлт ойлголтоо хийцгээдэг. Тиймээс уншигчид та бүхэн төрийн байгууллагын нэрээр төгөлдөржиж байгаа энэхүү үйлчилгээний бодит байдлыг эндээс бага боловч харж, мэдрэх байх. 

Ганцхан зүйлийг тодруулахад, машинаар нас барсан хүнийг тээвэрлэж, моргийн газарт хүргэх зөвшөөрөл байдаггүй. Гэтэл гэртээ болон эмнэлгийн бус газарт нас барсан иргэний шарилыг моргт байлгаж байгаад оршуулгын зан үйлийг үйлдэх ёстой байдгаас үүдэж энэ чиглэлийн үйлчилгээний хэрэгцээ шаардлага гарсан гэж байгаа. Өөрөөр хэлбэл хэрэгцээ маш их байгаа учир эрэлтээр нээгдсэн шинэ төрлийн үйлчилгээ юм байна.  Харин төрийн байгууллагын нэрийн дор явагддаг энэ үйлчилгээ үнэхээр төрийн санхүүжилтэд нэмэр болж байгаа эсэх нь даанч тодорхойгүй үлдэв… 

Магадгүй, тоонд маш сайн хүн бүү хэл, дөрвөн арга мэддэг бага ангийн хүүхэд ч энэ үйлчилгээний ард АСУУДАЛ байгааг төвөггүй ойлгохоор байхад дарга хэмээх тэр нөхөр мэлзэж, мэдэн будилсаар байгаа нь гайхал төрүүлэм. Ээлжийн ахлагч нийслэлийн төвийн зургаан дүүргээс Яаралтай түргэн тусламжийн төвөөс шарил тээвэрлэх үйлчилгээ авахаар өдөрт 2-5 дуудлага ирдэг гэсэн. Энэ бол жирийн үед гэж байгаа. Өнөөдрийнх шиг цар тахалтай, зуурдаар нас баралт ихэссэн үед биш шүү дээ. Өдөрт 2-5 хүний шарил тээвэрлүүлэх дуудлага гэдэг нь нэг дуудлага нь 50.000 төгрөгөөр тооцоход өдөрт 100.000-250.000 төгрөгийн үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг. Арав хоногт 1-2.5 сая, сард 3-7.5  сая төгрөг орчим болно гэсэн үг… 

Гэтэл санхүүгийн албанд бүртгэгдэж шилжүүлэгдсэн төлбөр нь долоон сарын хугацаанд 17 буюу 850.000 төгрөг… Энэ бол иргэдээс ирүүлсэн 65.000-85.000 төгрөгийн үнэлгээг оруулаагүй байгаа шүү… Тэгэхээр хэний бизнес болоод ямар эрх мэдэлтэн энд нөөлдөг болоод шарил тээвэрлэх үйлчилгээг төрийн нэрийг барьж хийгээд хийгдэх ёстой төлбөр нь хэний халаас руу орж байгаа нь тодорхойгүй үлдэж байна вэ?

Иргэд ийн өгүүлж байна…

Сонгинохайрхан дүүргийн иргэн С, 2014 онд дүү маань нас барахад дуудлагаар ирсэн эмч талийгаачийг морг руу тээвэрлэхэд тусгай төлбөртэй гээд тэр үйлчилгээг авах бол яриарай гээд утсаа орхиод явсан. Тэгээд бид эмч рүү залгахад маш шуурхай машин ирээд моргт хүргэж өгөөд 50.000 төгрөг бэлнээр авч байсан. 

Хан-Уул дүүргийн иргэн Б, шарил тээвэрлэх үйлчилгээ нь илүү үнэтэй байдаг юм билээ. 80.000 төгрөг бэлнээр төлөөд эмчгүй, 103-ын машинаар ганцхан жолооч нь ирээд аваад явдаг, моргт хүргэж өгдөг юм билээ. Ээж маань бурхан болоход дуудлагаар ирж үзсэн эмч ийм үйлчилгээ байдаг гэж хэлээд бид тэр эмчээс утсыг нь аваад үйлчлүүлж байсан. 

Баянзүрх дүүргийн иргэн Н, дүүгийн бие тааруухан байхад эмнэлэг хооронд зөөх хэрэг гараад эмнэлгийн машин явах боломжгүй байна, та нар гаднаас ийм төлбөртэй үйлчилгээ байдаг, тэрийг аваад дүүгээ үзүүлээд ир гэж нэгдүгээр эмнэлгийн эмч хэлснэээр бид 65.000 төгрөгөөр Ачтан эмнэлэгт дүүгээ аваачиж шинжилгээ хийлгэж байсан. Дараа нь дүү маань бурхан болоход дуудлагаар ирж үзсэн эмч та нар морг руу шарилыг нь тээвэрлэдэг үйлчилгээг төлбөртэй авах ёстой гээд утасны дугаар өгсөн. Тэр утсаар нь ярихад машин нь ажилтай явж байна, хоёр цагийн дараа очно гээд ирж байсан. 85.000 төгрөг бэлнээр авч байсан. 

Нэгэн зүйл, тэгэхээр шарил тээвэрлэх үйлчилгээ зургаан жилийн өмнөөс эхэлж, өнөөдөр өргөжин тэлж яваа аж. Энэ чиглэлийн үйлчилгээ эрхэлдэг компани нэмэгдэж, өрсөлдөөн ч ихэссэн гэнэ… энэ талаар дараагийн сурвалжилгандаа өгүүлэх болно. Үргэлжлэл бий…

Сэтгүүлч Х.Ган-Ялалт

1 Comment

Add yours
  1. 1
    Anonymous

    Манай аав ээж хоёр минь гэртээ өнгөрсөн 88103103 ирж шарилыг авсан үнэтэй юм байна лээ

Leave a Reply to Anonymous Cancel reply