Х.Ариунаа: Өвчтөнөө эмчилж байсан 32-хон настай эмч өнөөдөр сэхээн амьдруулах тасагт хэвтэж байна

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон төв талбайд суулт хийж байгаа эрүүл мэндийн ажилтнууд цалинг хоёр дахин нэмэгдүүлэх асуудлаар мэдээлэл хийлээ.

“Онцгой нөхцөлд ажиллаж байгаа бол цалинг гурав дахин нэмэгдүүлж олгоно гэсэн хуулийн заалт мөрдөгдөхгүй байна”

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх, олгогдох ёстой урамшууллуудыг олгох асуудлаар Засгийн газарт санал, шаардлага хүргүүлсэн. Энэ хүрээнд төсвийн тодотгол хийгдэх үйл ажиллагаа явагдаж байгаа. Гэвч өнөөдрийн байдлаар МҮЭХ, Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос тавьсан санал шаардлага, ялангуяа цалин нэмэгдүүлэх, нөхөн олговортой холбоотой асуудлууд үр дүнд хүрээгүй байна. 

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд цаг наргүй, хүнд нөхцөлд өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндийг золиослон ажиллаж байгаа. 

КОВИД-19 халдварын үед онцгой нөхцөлд ажиллаж байгаа бол цалинг гурав дахин нэмэгдүүлж олгоно гэсэн хуулийн заалт мөрдөгдөхгүй байна. Тиймээс эрүүл мэндийн салбарынхан цалингаа нэмүүлэх тэмцлийг эхлүүлсэн. Энэ бол талбай дээр сууж байгаа цөөн тооны хүмүүсийн тэмцэл биш. Бүх эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байгаа ажилтнууд энэ тэмцлийг дэмжиж байгаа гэдгийг би хариуцлагатайгаар хэлмээр байна. 

МҮЭХ-ны зүгээс зургаадугаар сарын 30-нд хүргүүлсэн саналыг УИХ-аар нэн даруй дараалал харгалзахгүй хэлэлцэхийг шаардаж өнөөдрийн хурлыг хийж байгаа юм. 

Цар тахлын үед хэрэгжиж буй хуулийн 6.1.1-д “Цар тахлын үед шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбогдсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг дараалал харгалзахгүйгээр хэлэлцэн шийдвэрлэх” гэсэн заалт бий. Бид энэ заалтыг хэрэгжүүлэхийг шаардаж байна. 

Мөн 7.1.2-т зааснаар “Цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх” заалтыг биелүүлэхийг шаардаж байгаа. 

Эрүүл мэндийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх бодит боломж байгаа гэж үзэж байна. 

Вакцинжуулалтад ажилласан эрүүл мэндийн ажилтнуудын урамшуулал дүүргүүд болон 21 аймгийн эрүүл мэндийн төвийн дансанд ЭМД-ын сангаас орчихсон байхад Хан-Уул дүүргээс бусад газарт энэ урамшууллыг олгоогүй байна гэсэн мэдээлэл авсан” хэмээн ярилаа. 

МҮЭХ, Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр дахин санал, шаардлагаа Засгийн газар, УИХ-д хүргүүлж байгаагаа мэдээллээ. 

Үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс тэмцлээ хуулийн дагуу хэрэгжүүлж байгаа бөгөөд уг тэмцлийг улстөржүүлэхгүй байхыг хүслээ. 

“Засгийн газар хуулиа биелүүлтэл, шаардлагынхаа хариуг автал бид эндээс явахгүй”

Төв талбайд суулт хийж буй эрүүл мэндийн ажилтнууд мөн мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа “Бид найман хоног төв талбай дээр суулт хийж байхад хэн ч ирсэнгүй. Өвчтөнөө эмчилж байсан 32-хон настай эмч өнөөдөр сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа. Өнөөдрийн байдлаар 3,000 гаруй эрүүл мэндийн ажилтан КОВИД-19-ийн халдвар аваад байна. 

Засгийн газар хуулиа биелүүлтэл, шаардлагынхаа хариуг автал бид эндээс явахгүй. 

Улаан бүсэд ажиллаж байгаа ажилтнуудад урамшуулал олгоно хэмээн мэдээлээд байгаа. Гэтэл өнөөдрийн байдлаар улаан бүсгүй эмнэлэг гэж байхгүй болсон. Тиймээс нийт эрүүл мэндийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж байна” хэмээн хэллээ. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын дундаж цалин улсын дундажаас хоёр дахин бага байхад ажлын ачаалал 4-5 дахин нэмэгдсэн гэдгийг суулт хийж байгаа эрүүл мэндийн ажилтнуудын төлөөлөл мөн хэлж байв.

Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлээс цалинг хоёр дахин нэмэгдүүлэх асуудлаар 21 хүний бүрэлдэхүүнтэй түр хороог байгуулаад байгаа ажээ. 

+ There are no comments

Add yours