“Өнөөдөр 25.000 сонгогч Ерөнхийлөгчийн сонгуульд зөөврийн хайрцгаар саналаа өгнө”

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш буюу зургадугаар сарын 9-нд болно. Харин өнөөдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагааг орон даяар 09:00-20:00 цагийн хооронд зохион байгуулах юм байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар дараах иргэд зөөврийн хайрцгаар санал өгөх эрхтэй. 

  • Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч;
  • Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч;
  • Зөрчлийн улмаас баривчлагдсан сонгогч;
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч;
  • Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэргийн анги, салбарт алба хааж байгаа энэ хуулийн 19.6.4, 19.6.5, 19.6.6-д заасны дагуу мэдээллийг нь хүргүүлсэн сонгогч хамаарна. 

Ингэхдээ сонгогчийн хүсэлт, эмнэлгийн магадалгаа, эсвэл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн санал авна хэмээн хуульд заажээ. 

Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооноос тодруулахад “Хуульд заасны дагуу сонгуулиар зөөврийн хайрцгаар саналаа өгөх 7,000 орчим иргэн бий. Мөн тусгаарлан ажиглах байр, гэрийн тусгаарлалт болон халдвар аваад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 18,000 сонгогч зөөврийн хайрцгаар саналаа өгнө.

Нийт 25,000 гаруй сонгогч зөөврийн хайрцгаар энэ удаагийн сонгуульд саналаа өгөх юм. 2,087 хэсгийн хороо ажиллаж байна. Засгийн газрын 152 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журам”-ын хүрээнд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллана” гэв.

+ There are no comments

Add yours