Босгосон амжилтаа үйлдсэн нүглээрээ нураасан тэр өөрийнхөө “дайсан”

Олимпийн аварга Н.Түвшинбаяр авч зугтсан тамгаа буцааж өгчээ. Үнэндээ орох нүхгүй, очих газаргүй, алдаа бүхнийг нь уучилж, аливаа бүхнээ дэлгэн угтдаг Монгол түмэн түүнд “үүдээ хаасан” учир байрандаа буцаж, буй бүхнийг байгаагаар нь харж, хүлээн зөвшөөрөх л үлдсэн гэдгийг ойлгож ухаарсан гэхэд болно. Сархад савнаасаа бусдыг дийлдгийг өөрийн биеэр туулж харуулсан түүний хувьд эрх чөлөөгөө хэр хугацаагаар хасуулах нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Өөрийнх нь төлөө үхэхээс буцахгүй итгэлтэй байсан нөхрийнхөө эрүүл мэндийг сүйтгэж, амийг хормоор тоолох гасланд унагасан Н.Түвшинбаярын хувьд монголчууд уучлах боломжгүй алдааг гаргасан. Түүний алдааг нь хөлсөө урсгаж олсон “олимпийн аварга” цол ч зөөллөж чадахгүй байгаа нь хаана ч байхгүй үнэн юм.

Н.Түвшинбаярт монголчууд итгэсэн, хайрласан, хамгаалах гэж оролдож, хүндэлж дээдэлсэн. Тэр олон жилийн турш тасарсан байсан Олимпийн дээд шагналыг өөрийн хүчээр эх орондоо авчирсан учир улс төрийн хоронд нэгнээ татан унагааж буцалгадаг тамын тогооны маргааныг мартуулж, нэг өдөр нэгэн зүгт харж, монголчууд уухайлан цус ургасан хүйтэн шөнийг “мартсан”. Харамсалтай нь улс төрчдийн балагт эндсэн гэмгүй таван залуугийн халуун цусаар бичигдсэн гашуун зовлонг хийсгэж ирсэн “их найрамдал”, их эв эеийн бэлгэдэл болсон Н.Түвшинбаяр гуравхан сая Монгол түмний хайрыг дааж даанч чадсангүй.

Тэр бүү хэл харийн нутагт амь тэмцэн үхэлтэй тэмцэж буй нөхрийнхөө төлөө чилээгээгүй сэтгэлээ албан тушаалын төлөө тавьж, Олон улсын олимпийн хороонд Монголын Үндэсний Олимпийн хорооны Ерөнхийлөгчийн ажлыг үргэлжлүүлэн хийх хүсэлтээ илэрхийлсэн нь Н.Түвшинбаярт хүн чанар, хүнлэг сэтгэл “чигчий хуруун чинээ” ч байхгүйг харуулсан гэхэд хэтрүүлсэн болохгүй юм.

МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, тавдугаар сарын 27-ны өдөр Н.Түвшинбаяр ерөнхийлөгч “Би ажилдаа орохоор боллоо” гэсэн. Энэ чиглэлээр мэйл хаягны кодыг өөрчилж, ОУОХ-д өөрийнхөө нэр дээр бичиг явуулсан байсан. Ер нь бол МҮОХ-ын ерөнхийлөгчийн ажлыг үргэлжлүүлэн хийх хүсэлтээ илэрхийлсэн утгатай хүсэлтээ явуулсан. ОУОХ-оос танай гүйцэтгэх зөвлөл, ерөнхийлөгчдөө ёс зүйн хариуцлага хүлээлгэхээ хурдан шийдээд, шийдвэрээ явуулна уу. Ингэхгүй бол ОУОХ-ны ёс зүйн хороогоор авч хэлэлцэхэд хүрэх нь байна шүү” гэсэн бичгүүд ирсэн учраас Монголын үндэсний Олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөл яаралтай хуралдаж, МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлаас түдгэлзүүлэх шийдвэр гаргасан.

Тэр өдрөө гүйцэтгэх зөвлөл хуралдаж, шийдвэрээ гаргаад, тамгаа дараад ОУОХ-нд баталгаажуулж явуулах ёстой байтал Н.Түвшинбаяр нарийн бичгийн даргаараа дамжуулан тамгаа авчихсан байсан.  Юу юугүй тамга аваад зугтах нь юу юм, гэхдээ ерөнхийлөгчийн хувьд учир ойлгоод энэ тамгыг буцааж өгөх байх гэж бид бодож байна. Энэ тамганы асуудлыг шийдэх боломжгүй бол бид цагдаагийн байгууллагаар явж, тамгаа хүчингүй болгоод шинэ тамга авах ийм асуудал яригдах байх…” гэж мэдэгдсэн. Тэрбээр мөн, “тамга бол Н.Түвшинбаяр ерөнхийлөгч болон туслахад нь байсан. Туслахаараа дамжуулаад гарын үсгээ зураад, шийдвэрээ гаргаад явдаг байсан. Ийм байхад тамга юу юугүй алга болчихно гэж бодсонгүй. Тамга бол хаашаа ч явж болохгүй байх ёстой газраа байх ёстой, аливаа нууцлалын хувьд ч тэр.

 Тамга алга болсонд харамсаж байна. Энэ долоо хоногтоо бид шийдэхээр ажиллаж байна. Тамга олдохгүй бол цагдаагийн байгууллагад бүртгүүлж, хуучнаа хүчингүй болгож, шинээр авах асуудлууд гарах байх…” хэмээж байсан бол уг мэдэгдлээс долоо хоногийн дараа Н.Түвшинбаяр авч явсан тамгаа авчирч өгөөд “санаачлан хэрэгжүүлж буй олимп, тивийн наадмуудад Монголын баг тамирчдаа амжилттай оролцуулах бэлтгэл ажлыг хангах, спорт холбоод, аймаг дүүргийн олимпын зөвлөлийн үйл ажиллагааг түлхүү дэмжих, МҮОХ-ны төв байранд иж бүрэн засвар хийх, олимпын музей, номын санг шинэчлэн байгуулах болон спорт-олимпизмийг түгээн дэлгэрүүлэх “Олимпизмийн шинэ эрин” төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг үргэлжлүүлэн өрнүүлэхээр…” санал солилцсон хэмээн МҮОХ-ноос сэтгүүлчдэд мэдэгдэв. Үнэндээ, улс төржиж болохгүй цөөн салбарын нэг Спортын өнгө нь арилтал улс төржүүлж бохирдуулсан Н.Түвшинбаярын хувьд нөхөрлөлөө архинд живүүлж, найзынхаа амийг хутганы ирэнд тавьсан нь уучлашгүй том нүгэл юм. Түүний босгосон амжилт үйлдсэн нүглийг нь дарж дийлэхгүй мятарч байгаа нь даанч хайран…

Сэтгүүлч Д.Пүрэв

+ There are no comments

Add yours