​Г.Занданшатар: Муу зээлийн хар жагсаалтад багтсан 71 мянган иргэн, ААН-ийг нэг удаа цагаатгана

УИХ-ын дарга Г.Занданшатар Бизнес эрхлэгчидтэй уулзаж, цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай санал солилцлоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах хуулийн төсөл бэлэн болсон. Эдийн засгаа илүү идэвхжүүлэх хүрээнд бодлогын яам байгуулж ажиллах чиглэл рүү явна. Төрөөс эдийн засгаа хөгжүүлэх салбар, төслүүдэд санхүүжилт олгох чиглэлд бодлогоор дэмжиж ажиллана. Цаашаа зээлийн хүү бууруулах чиглэлд дорвитой арга хэмжээ авна. Өнгөрсөн жилийн хугацаанд зээлийн хүү дунджаар 1.7 нэгжээр буурсан.

Цаашдаа аж ахуйн нэгжүүд нэгдсэн бодлоготой, зохион байгуулалттай ажиллах чиглэл рүү явах ёстой. Худалдаа аж үйлдвэрийн зөвлөлийг УИХ-ын даргын дэргэд байгуулахаар болсон. Цар тахлаас болж дэлхийн олон улсад хатуу хөл хорио тогтоосон. Манай улс хамгийн их хөл хорио тогтоосон улсын нэг мөн. Цар тахлаас болж үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжүүдийг нэг гараанаас гаргах, их сэргэлтийн бодлогыг Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас дэвшүүлж байгаа. Өнөөдөр Монголбанктай ярьж байгаад зарим саналыг хүлээн авч, шийдвэрлүүлэхээр болж байна. Тухайлбал, Монголбанкны зээлийн мэдээлийн санд бүртгэлтэй байгаа 71 мянган иргэний муу зээлийн хар жагсаалтын мэдээллийг харагдахгүй болгож, цагаатгахаар боллоо. Мөн бизнесийн байгууллагын зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй муу зээлийн хар жагсаалтыг цагаатгана. Энэ бол өршөөл биш, нэг удаагийн тохируулга юм. Харин цаашдаа иргэн, ААН-д муу зээл, муу түүх үүсгэхгүй байх нь чухал. Хэрвээ дахин муу түүх үүсгэвэл нээлттэй харагдаад явна гэдгийг ойлгоорой.

Хоёрт, Зөвшөөрлийн хуулийн ажлын хэсгийг байгуулсан. Бизнес эрхлэхэд төрөөс шаардаж байгаа 1400 гаруй зөвшөөрлийг 400 болгож бууруулна, цахимжуулна. Худалдаа аж үйлдвэрийн танхимын хуулийг батлах хүрээнд бизнес эрхлэх зөвшөөрлийг хувийн хэвшлийнхэнд шилжүүлнэ. С зөвшөөрлийг танхим өөрөө өгдөг болно. Бизнесийнхэн санал хүсэлтээ өгөөд явна” гэв.

+ There are no comments

Add yours