Д.Нарангэрэл: Халдварт өвчнийг бороо гэж үзвэл вакцин шүхэр юм

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийг хамгаалах газрын ахлах мэргэжилтэн Д.Нарангэрэл вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө.

“Вакцин бол ХХ зуунд анагаах ухааны салбарт гарсан онцлох арван нээлтийн нэг нь юм. Вакцин хэрэглэж эхэлснээс хойш дэлхий дахинд 20 гаруй өвчнийг устгаж, жилд дунджаар хоёр сая хүүхдийн амь нас эрсдэхээс сэргийлж байна. Халдварт өвчнийг бороо гэж үзвэл вакцин шүхэр юм гэж ярьдаг. Вакцинжуулалтын үр дүнд нь халдвараас сэргийлэх, эндэгдэл багатай даван туулах боломж бүрдэх юм.

Вакцин хийнэ гэдэг нь хүний биед гадны биеийг оруулж байгаа гэдэг утгаараа хариу урвал үзүүлэх бүрэн боломжтой. Манай улсад хэрэглэж буй Синофарм үйлдвэрийн Vero Cell вакцины хувьд идэвхгүй буюу микроб хор байхгүй учраас гаж урвал үзүүлэхгүй. Гэхдээ хавсарсан эмгэг байвал тухайлбал, зүрх судасны өвчин, зүрхний дутагдал, амьсгалын дутагдалтай хүмүүст хариу урвал илүү мэдрэгдэнэ. Тиймээс биеийн байдлаа бодитоор эмчид хэлэх ёстой. Жижиг гэлтгүй бүх зовууриа заавал хэлээд вакцин хийлгэх эсэхээ шийднэ” гэв.

+ There are no comments

Add yours