Л.Оюун-Эрдэнэ: 2024 он хүртэл Netflix дээр таваас доошгүй контент, Холливудын нэг кино хийе

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр соёлын салбарынхантай уулзаж, бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх болон соёл урлагаар дамжуулж эх орноо дэлхийд сурталчлах боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд 2024 он хүртэл хийх зорилтуудыг дэвшүүллээ.

Тэрбээр ” 2024 он хүртэл Холливудын нэг киног Монголдоо хийх зорилго тавья. Гадаад хэргийн яам, Байгаль орчны яам, Сангийн яамны чадварлаг боловсон хүчинтэй хамтраад ажиллая. Зураг төслөө, байршилаа гаргачихвал төсөв дээр тодорхой хэмжээний эхлэх зардлуудыг нь суулгаад явъя. Мөн үүн дээр хууль эрх зүйн орчноо бүрдүүлцгээе. Татвар, давхар даатгал гэх мэт асуудлуудаа Хууль зүйн яамтай ярилцаад шийдээд явах хэрэгтэй.

Би Соёлын сайдыг Монгол-Америкийн Засгийн газрын комиссын даргаар томилох гэж байгаа. Удахгүй албажих болно. Энэ нь Холливуд гэх зэрэг олон талтай харилцах гол цонх нь болох юм.

Дараагийн зорилго нь 2024 онд Netflix дээр таваас доошгүй контент хийе. Хүүхэлдэйн кино, Марко Пологийн дараагийн ангийг хийнэ үү, саяын танилцуулсан Монгол кинонуудаа хийнэ үү, эсвэл бид нэг том киноны зураг авалтыг ч Монголдоо хийж болно.

Галзуу хурд киноны нэг давхилт манай Монголын гэр хорооллоор байж болно, эсвэл манай говьд хийгдэж болно. Энэ мэтээр бага багаар явах боломжтой. Засгийн газраас дэмжинэ, Netflix ямар стандарт шаардаж байна бид албан ёсоор очиж уулзаад, төлөвлөгөө гаргаад ярилцахад болохгүй юм байхгүй. Шаардлагатай бол Ерөнхий сайд нь Netflix дээр очоод, уулзаж болно.

Ардын хувьсгалын 101 жилийн ойгоор Баяр наадмаа дэлхийд сурталчилсан том арга хэмжээ Монголдоо хийе. Үүнд бэлтгэе. Монгол Улсын төрт ёсны бахархал, нүүдэлчин ахуй зэрэг өв соёлоо нарийн гаргасан Наадам хэмээх контентыг хийе. Энэ гурван зорилтыг тавья” гэлээ.

+ There are no comments

Add yours