Өвөрмөц сүүлтэй Гиссар хонь

Гиссар хонь нь Тажикистан, Узбекистаны уулархаг нутагт нутагшсан бөгөөд энэ нэр нь Гиссар хэмээх уулын нуруунаас гаралтай. Гиссар хонь нь Төв Азийн нутагт түгээмэл тархсан. Гиссар хонь Дэлхийн хамгийн шилдэг үүлдрийн хонины том төлөөлөгч юм.

Энэ үүлдэр нь бие даасан маш том хүчтэй үүлдэр ба нэлээн эртнээс гаралтай.
Нас гүйцсэн эр хонины дундаж өндөр 85 см, эм хонь 80 см байдаг нь Дэлхийн 2 дахь том хонь гэсэн тодотголтой байдаг. Гиссар хонь нь ууцан сүүлтэй хонь бөгөөд усгүй, өвсгүй удаан хугацаагаар байх боломжийг олгодог.

Биеийн хөгжил жигд хүчтэй, том булчинлаг нуруу төгс хөгжсөн байдаг. Арьсан доор өөх их хэмжээгээр хуримтлагдаж удаан хугацааны туршид биеэ шим тэжээлээр хангадаг. Биеийн хойд хэсэг бүхэлдээ ууцан сүүл байх ба зөв бөөрөнхий хэлбэртэй байдаг. Ууцан сүүл нь улирлаас хамаарч хэлбэр хэмжээ нь өөрчлөгдөх ба зун дүүрч бөөрөнхий хэлбэртэй болдог. Нялх хурга маш хурдан жин нэмдэг. Хэдэн сартайдаа 50 кг жин хүрдэг. Залуу хонины мах маш зөөлөн, шүүслэг, тааламжтай амттай байдаг. Хурганы хоногийн өсөлт 0.5 кг орчимд хүрдэг. Гиссарын хонь жилдээ 500 км хүртэл бэлчдэг тул бүлчингийн хөгжил маш сайн байдаг. Маш сайн тохиромжтой нөхцөлд өсгөсөн насанд хүрсэн хонь 200 кг, эм хонь 120 кг хүрдэг. Гиссарын хонины бусад зүйл төрлийн хониноос ялгагдах гол онцлог нь том хэмжээтэй их бие төдийгүй өөхөн сүүл юм. Энэ хонины ууц нь 60 кг хүртэл жинтэй байдаг.

Гиссар хонь нь цаг агаарын ямар ч нөхцөлд сайн зохицдог тул бараг бүх Ойрхи Дорнодын орнуудад түгээмэл болсон. Дунджаар нас гүйсээ эр хонь 130-140кг , эм хонь 80-90кг байна. Гулуузны гарц 58-60% байдаг. Бүдүүн бүдүүвтэр ноостой ба ноосны гарц эр хонь 1,3-1,4кг , эм хонь 1,0-1,4кг. 100эм хониноос авах төл 115-120.
Бараан голдуу байх ба улаан, бор , хар өнгийн зүс голлоно.

+ There are no comments

Add yours