Нас баралт цаашдаа нэмэгдэх эрсдэл үүсээд байна

Б.Буянтогтох: Нас баралт цаашдаа нэмэгдэх эрсдэл үүсээд байна
ЭМЯ-ны өнөөдрийн хурлаар ЭМЯ-ны Эмнэлгийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох өдөр тутамд батлагдсан тохиолдол нэмэгдэхийн хэрээр нас баралтын тоо эрс нэмэгдэх хандлагатай байгааг хэллээ.

Тэрбээр “Дэлхий дахинд нас баралт 2,2 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нас баралт 0,13 хувь байна. Дэлхийн дунджаас бага байгаа хэдий ч өнөөдөр нэн хүнд өвчтөний тоо 7 дахин өссөн байгаа нь нас баралт цаашдаа нэмэгдэх хандлагатай байна гэсэн дохио өгч байна.

Бүх зүйл өөрийн хэмжээндээ тулаад зогсоно. Гэхдээ заавал эцэст нь тулгаж байж шийдвэр гаргаж болохгүй гэж бодож байна. Одоогоор эмнэлгийн ажилчид маш өндөр ачаалалтай ажиллаж байна.” гэлээ.

Тэрбээр дараах асуултуудад хариулт өглөө.
Хүндэрсэн өвчтөний тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн эм тариа, хэрэглэгдэхүүн, ажилчдын нөөц 5-10 дахин хурдацтайгаар багасах эрсдэл үүсэж байна.

-Хүнд хүмүүсийн тоо нэмэгдэж байна.Энэ хэрээр эмнэлгийн ачаалал ямар байна вэ?
-Өдрөөс өдөрт батлагдсан тохиолдол нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ачаалал ихэсч байна. Сарын өмнө буюу гуравдугаар сарын 8-ны өдөртэй харьцуулахад хүндэвтэр өвчтөний тоо 5,4 дахин, хүнд өвчтөний тоо 24,6 хувиар, нэн хүнд өвчтөний тоо 7 дахин нэмэгдсэн байна. Тоймлоод ярихад 30 хөнгөн тохиолдолд нэг баг ордог бол хүнд тохиолдолд бас л тийм баг орж ажилладаг. Хүндэрсэн өвчтөний тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн эм тариа, хэрэглэгдэхүүн, ажилчдын нөөц 5-10 дахин хурдацтайгаар багасах эрсдэл үүсэж байна.

Тархалтыг зогсоохын тулд хөл хорио тогтоохоос өөр арга байхгүй байна. Тархалтын тоо ихсэхийн хэрээр хүнд, нэн хүнд хүний тоо шууд пропорциональ хамааралтайгаар өсөөд байна. Хүнд, нэн хүнд хүмүүс нэмэгдэх хэрээр эмчилгээний багийн хүний нөөцийн хомсдолыг хамгийн ихээр үүсгэдэг.
Өдрөөс өдөрт 500-1000 тохиолдол нэмэгдэх үед бүх орыг бүгдийг нь Ковидод зориулах үндсэндээ ямар ч боломжгүй.

-Энэ хүмүүс улаан бүсэд ажиллаж байна. 14 хоног 24 цагаар тасралтгүй ажиллаж байна гэсэн үг шүү дээ.
-Сүүлийн нэг жилийн хугацаанд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг хамаг нөөцөө шавхаж ажиллаж байна. Сүүлийн хоёр сар бусад эмнэлгүүдийг нэмэлтээр ажиллуулж байна. Эмнэлгийн ажилчид өнөөдөр туйлдаж байна. Улсын хэмжээнд 25600 орчим ор бий. Ковидоос бусад үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгүүд гэсэн үг. Өдрөөс өдөрт 500-1000 тохиолдол нэмэгдэх үед бүх орыг бүгдийг нь Ковидод зориулах үндсэндээ ямар ч боломжгүй.

Иргэн та өвдөхгүй байх боломж бүрэн бий. Тийм боломж байсаар байтал гал руу орж эрсдэлтэй байдалд битгий хүрээрэй гэж хэлмээр байна.

-Эмнэлэгт очиж амжилгүй гэртээ нас барж байгаа тохиолдол байгаа юу? Цаашдаа мэдэхгүй байж байгаад нас барах эрсдэл бий юу?
-Гэрээр нас барах эрсдэл бий. Ковидоор хүндрээд тодорхой хэмжээнд арга хэмжээ авах хугацаа олгодог. Гэтэл архаг суурь өвчтэй эрсдэлт бүлгийн хүмүүс ковид авснаа мэдэхгүй байж байгаад тэр нь архаг өвчнийх нь биеийн байдлыг хүндрүүлээд нас барах эрсдэл өндөр бий.

-Одоогоор эмнэлгийн хэчнээн ор бүрдүүлсэн бэ?
-Урт хугацааны төлөвлөлт хийчихсэн байна. Мөн тухайн нөхцөл байдалд тулгуурлаад төвөвлөгөө хийдэг. Өнөөдөр орны асуудал гэхээс илүү энд ашиглагдах эм эмнэлгийн хэрэгсэл, хүний нөөцийн хомсдолд орох эрсдэлтэй болоод байна. Эцсийн цэгтээ тулах гээд байна.

+ There are no comments

Add yours