Говийн хязгаарт амь дүйн тэмцэж, амьдрах 20 мянган Монгол

Цуврал сурвалжилга-1

            Хотод хаврын урь дөнгөж орж, цаг уярсан ч хөдөө жиндүү, зарим газраа өвлөөрөө байх. Түрүүлж ирсэн нь оройтсон нэгнээ хүлээсээр нар арай жаргаагүй хотоос хөдөлсөн манай сурвалжлах баг “хөөрхөн” өнөр. Ихэвчлэн залуу сэтгүүлчид, тэр дундаа сэртийсэн бүхний учрыг асуух хорхой нь ассан залуухан сэтгүүлчид машинаас морь харахаар буух хооронд нь лайв хийх нь хөгжилтэй…

Нөгөө талаар корона вирусын нөлөөгөөр бүтэн жил шахам хол замын сурвалжилгад яваагүй болохоор бүхий л зүйл хөл хориотой энэ үед холын сурвалжилгад хөдлөх нь эрсдэл үүрч мэдэх ч үүссэн асуудлын үнэн бодит мэдээллийг газар дээрээс нь нийгэмд гаргаж ирнэ, мэдээлнэ гэдэг сэтгүүлч мэргэжлийг эзэмшсэн хэний ч болов хийх ажил учир зориод, зориглоод хөдөлсөн манай багийнхан.

Хотоос хөдлөөд л замд таарах пост бүхэн дээр жолооч маань багаа төлөөлөн ганцаараа очин хамт яваа хүмүүсийн танилцуулга, товч анкет, шинжилгээний бичгийг шалгуулж явсаар нар мандсан хойно бид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Цагаан хад хэмээх жижигхээн сууринд очив…

No description available.

Зуур замаараа бүхий л боломжоороо замын тоосоо гөвж амжсан учир зураглаач, зурагчин, сэтгүүлчдийн хувьд амрах гэхээсээ илүү ажлаа шууд эхлүүлэхээр шийдсэн.  Энэ утгаараа сэтгүүлчид маань гурван баг болон хуваагдан монголчуудад Цагаан хад хэмээн хоногшсон нүүрсний утаа битүү хөшиглөсөн жижигхэн сууринд тархан ажлаа эхлүүлсэн юм…

Цагаан хадны бараан амьдрал

            Монголын Гашуунсухайт, хятадын Ганц модны боомтын дунд орших Монгол Улсын гаалийн хяналтын бүсийг Цагаан хад гэж нэрлэж, одоогоос 13 жилийн тэртээ 2008 онд байгуулж байж. Харин эдүгээ энд 15 мянган жолооч 120-240 тонны хүнд даацын машинаар 145 компанийн нэр дээр 24 цаг ажиллаж, Тавантолгойгоос нүүрс тээвэрлэн дэндүү уужим говийн дундуур дээлийн эмжээр шиг тавьсан нарийхан зам дээр хонон өнжин дугаарлаж, хорвоогийн шар нарыг өнгөрөөж байна.

Тэдгээр жолооч нар ингэж ажиллаад нэг рейсийн цалин нь 1.800 мянга орчим төгрөг авна. Сардаа 3-5 рейс хийчихвал 5-10 гаруй сая төгрөгийн цалин авчих учир хэчнээн хэцүү байсан ч тэд шүд зуугаад л зүтгэдэг. Учир нь тэдгээр  Энэ цалингаас гадна 50 литр шатахуун, солигдож орхигдсон хуучин дугуй, НАБТ-н дугаарлалтын өмнүүр орсон 1000 юанийн урамшуулал… гэх мэтээр “сэргэлэн жолоочийн сожоо” гэгчийг гаргаж, илүү орлого олдог гэж байгаа. Харамсалтай нь буруу олсон орлого нь буруу замаараа гардаг учир амьдралд нь нэмэр болохгүй ч алд биед нь бол зугаа төдий орж ирээд гардаг нь нууцгүй үнэн.

No description available.

Хилийн зүг сунайтал эгнэсэн машинуудын тоо өдөр өдөрт өөр. Учир нь хятадын талаас хэрхэн аашилж, хэдэн машин хилээр орохыг зөвшөөрөхөөс шалтгаална гэж байгаа. Биднийг ажиллах хугацаанд хятадын талаас машины нэвтрүүлэлт /таталт/ сайн байсан учир өдөрт 600 хүртэл машин хилээр гарч байгаа хэдий ч зам дээр 1800-2234 машин дугаарлаж байв.

No description available.

Дугаарласан машинуудыг дагаж жижиг машинууд хаа нэг таарах нь зах зээлийн жамаар хэрэглээг дагаж үүссэн эрэлтээс үүдэлтэй бас нэгэн үйлчилгээ гэнэ. Өөрөөр хэлбэл нэгэнт зам дээр гараад дугаарласан машинууд  хамгийн багадаа дөрвөөс дээш хоногоор зогсох учир хүний хэрэглээний наад захын үйлчилгээг жижиг машинтай иргэд хүргэж үйлчилдэг бөгөөд үүнд, мах гурил, бэлэн хоолоос эхлээд биеэ үнэлэх үйлчилгээ хүртэл бүрэн хамаарагддаг гэнэ. Үүнээс гадна хэдэн жилээр гэртээ очихгүй ажиллаж байгаа нөхрүүдээ эргэсэн эхнэрүүд, найз залуугаа эргэсэн хүүхнүүд, эхнэрээ эргэсэн эрчүүдийн “эргэлт” болсон тэдгээр жижиг машинууд ихэвчлэн приус 20 байх аж.

No description available.

Төрд орхигдсон төө зузаан нүүрс тэнгэрт үүл босгож манарсан энэхүү Цагаанхад нэртэй сууринд жилийн дөрвөн улиралд 24 цаг ажиллаж байгаа  15 мянган жолооч нарыг дагасан төрийн таван төрлийн үйлчилгээ үзүүлэгч алба хаагчид болон суурин дагаж амьдралаа залгуулсан 6000 орчин иргэний төрөл бүрийн үйлчилгээ дагасан амьжиргаа энд л буцалж байна. Шороонд дарагдаж навсайх хэдэн модон амбаарны гадна дэлгүүр, цайны газар, угаалгын газар, ус, ундааны бөөний төв, үсчин, гоо сайхан гэсэн хаяг өлгөөтэй байх нь харагдана. Таваг хоол 9000 төгрөг, хуушуур 1500, бууз 1000-1300 төгрөгийн үнэтэй бөгөөд ус ундаа, тамхи, тарианы үнэ хотын үнээс 1-2 нугалж зардаг аж. Угаалгын газар нь ширхэгийг нь 1000 төгрөгөөр угаана. Үүнд, оймс, цамцны ялгаа байхгүй гэж байгаа. Өдөр нь дэлгүүр, цайны газрууд үдэш нь баар, караоке болж, шөнө нь буудлын үйлчилгээ үзүүлдэг гэж байгаа…

No description available.

Нүүрсэн түйрэн тэнгэр, газар нийлүүлэн эргэж, нунтаг шороон дундуур алхвал шилбэ хавиар татан хувцаст шингэх бөгөөд аймшигтай хар тоосонцор үүсч, нүд нээх аргагүй нарийн тоос манаран босох ч Цагаанхаданд амьдардаг хүмүүс тоож байгаа юм даанч байхгүй. Эрхгүй нэг маск амандаа зүүж, эрхээ биш нэг хамгаалалтын цагаан нэртэй хар саарал комбинзон угласан хүмүүс нүүрсэн түйрэнг тоож байгаа юм байхгүй, шүдээ зуун амьдралыг залгуулагч таван төгрөгийн төлөө өдөр шөнөгүй зүтгэж байна.

No description available.

Үнсэн саарал  өнгөн зонхилж, суурин орших хэдэн сэндвичэн байшингууд нь нүүрсний нутаг хар тоосонцорт хучигдаж, өрөвдөлтэй харагдах Цагаанхад сууринд эмх цэгц, эрүүл ахуйн байдал туйлдаа хүртэл алдагдаад удсан ч тоож байгаа хүн бүү хэл “амьтан” ч алга бололтой. Зөвхөн үүгээр зогсохгүй хүний амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэх нь “хэвийн үзэгдэл” болох шахаж дольширсон энэ сууринд биднийг ажиллах гурван хоногийн хугацаанд  120 тонны даацтай нэг машин унаж, зам тээврийн осол гарсан юм.

Азаар хүний амь эндээгүй ч энэхүү ослын шалтгаан нь өнөө л нарийхан замын нэг талыг эзэлж дуугарласан том машинуудын буруугаас үүдэлтэй байв. Ийм осол бараг өдөр тутам гарч байдаг, тэр бүү хэл машин шатах, дугаарлан зогсох машиндаа байж байгаад хойноосоо хүчтэй мөргөсөн ослын улмаас кабиндаа хавчуулагдаж нас барах, машиныхаа доогуур эрэг боолт чангалж байгаад дугуйнд дайрагдаж үхэх, машиндаа угаартаж, гэнэт зүрх нь зогсож, даралт харваж нас барах зэргээр хөндлөнгөөс  харахад дэндүү зэрлэг, харгис нийгэмшил энд бий болон улам тэлэн, хөрсжиж байгаа нь харамсалтай санагдана.

Цагаанхадны жолооч нарын амьдралыг төр тоодоггүй, зүгээр л мартчихсан. Аргагүй нэг өөрсдөө ирэхээр баахан амлалт өгч, шаналсан шантарсан жолооч нарыг амыг нь цангатал асуудлыг нь яриулж аваад буцна. Тэр бүү хэл ирээд буцахдаа 70 машинтай компани хүртэл байгуулаад явсан сайд ч хүртэл байгааг нүүрсний жолооч нэр нэр заан өгүүлээд бухимдалдаа бачууран хоолой нь зангирч байсан юм.

No description available.

Машинаар гэрээ хийж, тавиухан амрах завгүй зүтгэж байгаа жолооч нарын дийлэнх нь  өнгөрсөн есөн сараас хойш гэртээ хариагүй ажиллаж байгаа хүмүүс гэнэ. Цалингаа аваад гэррүүгээ шилжүүлдэг, гурван сардаа нэг удаа гэрээс нь эргэлт ирж байна хэмээн эхнэр хүүхэд нь ирчихдэг жолооч нар байхад цалин буухаас бусад үед ар гэргүй мэт амьдарч, ажилладаг жолооч нар ч цөөнгүй… Гэвч эдгээр жолооч нарын хувьд ганцхан зүйл нэгдмэл харагдах нь ажлын стресс, амьдралын буулганд арай л их дөнгөлүүлж ажилласан учир нүдэндээ галгүй, нүүрсний шороонд дарагдсан эрчүүд л харагдах нь гунигтай…

Нэг үеэ бодвол жолооч бүхэн машиныхаа кабинд гэр интернэттэй явдаг учир дугаарлалтад зогсож байхад интернэт л ухаж суудаг юм. Тиймээс бүх мэдээллийг авч байна. Мэдээллээр бол дутагдсан зүйл алга. Харин энд орхигдсон олон хүний амьд, эрүүл явах эрх нь зөрчигдсөн ч тоож харах төр засаггүйдээ гомдож байна хэмээн ам аманда өгүүлж бухимдаж, сэтгүүлчид ирээд буцахдаа бодит байдлыг өөрчилж бичдэг, худалдагддаг хэмээн бухимдаж байсныг энд бас дурдах хэрэгтэй байх…

Үргэлжлэл бий…

Сэтгүүлч Х.Ган-Ялалт

1 Comment

Add yours

+ Leave a Comment