“Наад захын хүний эрхийн мэдрэмжгүй Ерөнхий сайдыг огцруулъя”

Монгол Улсын Ерөнхий сайд гуравдугаар сарын 5-ны өдөр Жендерийн Үндэсний хорооны хурал дээр “Цаашдаа хөдөлмөр эрхлэлтийн түвшний тэгш бус байдал ихсэж, гэрлэлт залуужвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулах гарц байдаг” гэсэн юм. Мөн эрчүүдийн тухай “Шөнийн хоёр цагаас өмнө гэртээ харьдаггүй, унтах ёстой цагтаа архи ууж пицца, хорхог иддэгээс болж эрт нас барж байна” гэж ярьсан билээ.

Монгол Улсын Ерөнхий Сайд хүн ийм жендерийн мэдрэмжгүй, хүйсээр ялгаварласан, тооцоо судалгаагүй, доромж агуулгатай бүдүүлэг мэдэгдэл хийсэн учраас энэ үгэндээ хариуцлага хүлээж огцрох ёстой гэж үзсэн иргэд өнөөдөр Сүхбаатарын талбайд үзэл бодлоо илэрхийлэн жагсаал хийж байна. Жагсаалд оролцож буй иргэдийн байр суурийг хүргэе.

Гэрэл зургийг gogo.mn

“Улсын ерөнхий сайд хүн үгээ бодож хэлдэг байх ёстой. Эмэгтэйчүүдийг залуугаараа гэрлэдэг, ажил хийдэггүй, нийгмийн идэвхгүй бүлэг мэтээр ярьсныг маш гайхаж байна. Өнөөдөр бол олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг өдөр, тэмдэглэдэг баяр биш.”

Гэрэл зургийг gogo.mn

“Яагаад Монгол эмэгтэйчүүдийг ингэж дорд үзэж байгаа юм бэ. Бид бүх л зүйл дээр адилхан оролцож, хариуцлагатай ханддаг. Эмэгтэйчүүдийнхээ ажиллах боломж, нийгэм улс төрийн оролцоог хангаж, бодлого тодорхойлж, шийдэлд хүрээд явж байх ёстой хүн ийм ичгүүртэй юм ярьж болохгүй.”

“Энэ хариуцлагагүй мэдэгдэлдээ уучлалт гуйх нэр дор маргааш нь дахиад иргэдээ өөрсдөө буруу ойлгосон байна гэж доромжилсон агуулгатай юм хэлсэн. Наад захын хүний эрхийн мэдрэмжгүй ийм хүнийг бид Ерөнхий сайдаар ажиллуулмааргүй байна. Тиймээс огцруулах нь зүйтэй гэсэн байр суурин дээр нэгдэж иргэд сошиал ертөнцөд гурав хоног хэлэлцүүлэг өрнүүлсэн. Ерөнхий сайдад энэхүү шаардлагаа тайван замаар хүргэхээр нэгдсэн байна” гэж өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

+ There are no comments

Add yours