Дэлхийн хамгийн жижиг хэвлээр явагч

Мадагаскар арлын хойд бүсээс есөн жилийн өмнө анх олдож байсан хамелеон гүрвэл нь дэлхийн хамгийн жижиг хэвлээр явагч амьтанд тооцогдож байна.

Энэхүү өвөрмөц амьтныг судалсан эрдэмтдийн бүтээл саяхан Scientific Reports сэтгүүлд нийтлэгджээ. “Нано хамелеон” гэж албан бусаар нэрлэсэн энэ амьтны эрэгчин нь ердөө 1.35 см урт биетэй. Тиймээс шинжлэх ухаанд мэдэгдэж байгаа нийт 11,500 орчим хэвлээр явагч амьтдын дотор хамгийн жижиг биетэй эрэгчинд тооцогдож байгааг судалгааг ахалсан Германы биологич Франк Глау бичжээ.

Өөр нэг сонирхолтой нээлт нь нано хамелеоны бэлэг эрхтний хэмжээ юм байна. Хэвлээр явагч амьтдын эрэгчингүүд нь биеийн дотор байрлах бэлэг эрхтэнтэй байдаг ба үржлийн үеэр ил гардаг гэнэ.

Эрэгчин нано хамелеоны бэлэг эрхтэн ил гарахдаа биеийнхээ уртын 20 хувьтай тэнцэх хэмжээнд хүрдэг нь бас нэг өвөрмөц нээлт болжээ. Мадагаскар арлын бусад төрлийн хамелеон гүрвэлүүд дундаас эх биетэй нь харьцуулахад хамгийн урт бэлэг эрхтэнтэй тав дахь төрөл зүйл болсон байна.

Эрэгчин нано хамелеоны эрхтэн ийм урт байдаг нь эмэгчингийн биеийн хэмжээтэй холбоотой гэж судлаачид дүгнэжээ. Учир нь энэ гүрвэлийн эмэгчин нь 2.7 см буюу эрэгчингээсээ бараг хоёр дахин урт биетэй юм байна. Тиймээс үр удмаа үлдээх байгалийн шалгарлаар эрэгчин нь ийм урт бэлэг эрхтэнтэй болжээ.

Амьдардаг газар нутагт нь ой модыг ихээр огтолж байгаагаас нано хамелеон гүрвэл устаж мөхөх аюултай төрөл зүйлийн тоонд орж буйг эрдэмтэд анхааруулсан байна.

Эх сурвалж: Business Insider

+ There are no comments

Add yours