Б.Жавхлан: 12 дугаар сард 66 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгогдсон

Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын зарим гишүүд, хотын дарга өнөөдөр барилгын салбарынхантай уулзаж, мэдээлэл солилцохын хамт санал хүсэлтийг нь сонслоо. Сангийн сайд Б.Жавхлан ипотекийн зээлийн тухай мэдээлэл өглөө. “Алсын хараа 2050 хөтөлбөрийн гол зорилго бол дундаж давхаргыг зузаатгах юм. Нийгмийн дундаж давхаргыг бий болгох, эдийн засгийг хөдөлгөх гол хөшүүрэг нь орон сууцжуулах хөтөлбөр. Ипотекийн зээл тогтвортой явагдах нь чухал. Өнгөрсөн 12-р сард 95 тэрбум төгрөгийн зээл гарсны 60 тэрбум нь ипотекийн зээлд олгогдсон. Энэ маягаар сард 60 тэрбум орчим ипотекийн зээл гарна аа гэж та бүхэн ажлаа төлөвлөөрэй. 12-р сард 1700 гаруй ипотекийн зээлийн хүсэлт ирснээс 1200-г нь хангасан. Цаана нь потенциалны 500 зээлдэгч байна гэсэн үг. Борлуулалтыг сайжруулахын тулд урьдчилгаа төлбөр 30 хувийг бууруулах асуудлыг хөнддөг. Гэхдээ энэ нь зээлдэгчийн сахилга батыг сулруулах, урт хугацаандаа эрсдэл үүсгэж болзошгүй. Иймд ойрын үед урьдчилгаа төлбөр нь 30 хувь хэвээрээ үргэлжилнэ. Ипотекийн зээл амжилттай сэргэж эхэлж байна, цаашдаа ч тогтвортой үргэлжилнэ. Урьдчилгаа 30 хувь дээр төрөөс, төсвийн мөнгөөр оролцохгүй. Та бүхний төлсөн татварын мөнгөөр өөр хэн нэгний барилгын зээлийн хөнгөлөлтийг хийж болохгүй” хэмээв.

+ There are no comments

Add yours