Л.Энх-Амгалан: Шүүгч нар хамгийн өндөр цалин авдаг ч авлигын хэрэгт холбогдож байна

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Улс төрөөс хараат бус шүүхийн тогтолцоотой байх гэж бид сүүлийн хэдэн жилийн турш тэмцэж байна. Бид нар шүүгчдийг хараат бус байлгахын тулд цалингийн нэмж үзлээ. Өнөөдөр хамгийн өндөр буюу 6 сая төгрөгийн цалинг шүүгчид авч байна. Шүүгчид авлигын хэрэгт холбогдож байна. Шүүгч хүн шоронд амиа хорлосон. Үндсэн хуулиар шүүгчийн хараат бус байдлын тухай заалтад өөрчлөлт оруулсан. Харамсалтай нь бэх нь хатаагүй байгаа Үндсэн хуулиар Монгол Улсын шүүгчид улс төрөөс хараат болж чадахгүй байна.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Ц.Цогт: Хараат бус шүүхтэй байх чадаагүй гэдгийг хүлээн зөвшөөрөх үү гэдэгт институцийн хувьд бид бүрэн бие даасан шүүхтэй болж чадаагүй. Олон шүүгч нар институцийн алдаанаас үл хамааран олон шүүгч нар хараат бус ажиллаж байгаа. Олон улсын байгууллагын судалгаагаар шүүхийн тогтолцоо нь хараат болсон 120 жагсаалтад орж байгаа нь үнэн. Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг байгууллагын улс төрийн институцээс хамааралтай болгосон энэ жагсаалт доошлоход хүргэсэн.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхчимэг: Монголын ардчиллыг хойш  нь татдаг салбар бол шүүх засаглал. Шүүх засаглал улс төрөөс хараат бус байх ёстой. Улс төрөөс гадна шүүгч шүүгчээсээ хараат бус байх ёстой. Дээд шүүгчийн ерөнхий шүүгч давж заалдах шатны ерөнхий шүүгчийн хувийг хэрхэн зохицуулах вэ. Шүүгч шүүгчид нөлөөлөх байдлыг хэрхэн зогсоох вэ. Шүүхийн багц хууль дээр та ямар байр суурьтай байгаа вэ. Дэлхийн ихэнх улс оронд дээд шүүгчийн томилгоо бүх насаар нь явагддаг. Манайд ийм боломж байгаа юу.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Ц.Цогт: Шүүх улс төрийн байгууллагатай ор тас харилцаагүй байх боломжгүй. Таны хөндөж ярьж байгаа ерөнхий шүүгчтэй холбоотой асуудлыг Шүүхийн тухай хуулиар тодорхой хэмжээгээр хязгаарлаж өгсөн. Улам боловсронгуй болгох шаардлага байгаа. Нөлөөллийн асуудлыг хорихын тулд нөлөөллийн мэдүүлэг гэдгийг нэвтрүүлсэн. Шүүгч нар нөлөөллийн мэдүүлгийг хэр үнэнчээр гаргаж байгаа гэдэг дээр судалгаа хийгдэж байна. Манай улсад шүүгч нар тэтгэврийн нас хүртэл томилогддог.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Улсын дээд шүүхийн шүүгчид хоёр хүнийг нэр дэвшүүлсэн. Бид маш хатуу хандсан. Ашиг сонирхлын зөрчил орж ирж болзошгүй учир нэг хүнийг нь дэмжээгүй. Ц.Цогт нэр дэвшигчийг дэмжиж байна. Монгол Улсад шударга ёсны цангалт байна. Иймээс дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчид нэр цэвэр байх ёстой.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хоёр нэр дэвшигч оруулж ирсэн. Яагаад нэг нэр дэвшигч болчив гэж асуумаар байна. Нөгөө нэр дэвшигчийн асуудал яах вэ. Нэг нэр дэвшигчийг магтаад нөгөөхийг нь улс орон даяар банкны ашиг сонирхлын зөрчилтэй гэж цоллож болж байгаа юм уу. Хүнийг ингэж ялгаварлан гадуурхаж болох уу. Энэ бол хүний эрхэд халдаж байгаа үйлдэл гаж харж байна. Цаашид шинэ нэр дэвшигч оруулж ирэх үү.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Б.Батбаяр: Энэ асуудал бол 2020 оны тавдугаар сарын 20-ны өдрөөс хойш зургаан сар хэлэлцэгдээгүй явсан. Өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хорооноос нэр дэвшигчдээ танилцуул гэсэн. Эхний хуралдаанаар асуудлыг хойшлуулсан. Үндсэн хуулийн шаардлага зөрчсөн нэр дэвшигч оруулж ирсэн гэсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зүгээс шаардлага бүрэн хангасан хүмүүсийг оруулж ирсэн гэсэн. С.Батхүлэг нэр дэвшигчийн хувьд 14 жил өмгөөлөгчөөр ажилласан хүн. Бид хэзээ ч хууль бус нэр дэвшигчийг оруулж ирэхгүй. Нэр дэвшигч нэрээ татаагүй тохиолдолд өөр хүний нэрийг оруулж ирвэл бид өөрөө Үндсэн хууль зөрчсөн хэрэгт орно. Их хуралд танилцуулаагүй гэдэг үндэслэлээр нэрийг нь татах хууль эрх зүйн үндэслэл байхгүй.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Миний хувьд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн асуудлаар ажилладаг. Цаашид улс төрийн хэлмэгдүүлэлт гарахгүй байх тал дээр онцгойлон анхаарах хэрэгтэй. Шүүгчдийг хүнлэг энэрэнгүй соён гэгээрүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Таван эмэгтэйг жирэмсэн байхад нь цаазаар авч байсан. Одоо ч гэсэн улс төрийн хэлмэгдүүлэлт байна. Улс төрчдийг Засгийн газрын шийдвэр гүйцэтгэсний төлөө шүүж шийтгэж явдал газар авсан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Ц.Цогт: Шүүх өөрөө хариуцлагатай байх нь ил тод байдал. 2013 оноос эхлээд нээлттэй шүүхийн танхимтай болсон. Яваандаа шүүх хуралдаануудыг ил тод явуулах тогтолцоо руу шилжүүлбэл шүүхийн хариуцлагатай байдал нэмэгдэх байх.

Хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн танилцуулгыг сонслоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах нэр дэвшигчийг танилцууллаа.

Ц.Цогт

Нэр дэвшигч Цэндийн Цогт нь 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. 45 настай, эрэгтэй, ам бүл 2.

  • 1983-1993 онд Архангай аймгийн 2 дугаар 10 жилийн дунд сургууль,
  • 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр,
  • 2007 онд АНУ-ын хууль зүйн Уилламетте их сургуулийн Хууль зүйн коллежийг хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй төгссөн.
  • 2017 онд Япон Улсын Нагояагийн их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, хуульч цолтой.

  • 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар,
  • 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслахаар,
  • 2004-2011 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр,
  • 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр,
  • 2013 оноос одоог хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

Нэр дэвшигч Ц.Цогт нь шүүгчээр 16 жил, давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 9 жил ажилласан. Мөн 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд цагийн багш, 2007-2016 онд тавин хувийн багш, 2018-2019 онд цагийн багш, 2019 оны 09 дүгээр сараас Нийтийн эрх зүйн тэнхимийн гэрээт дэд профессороор тус тус ажиллаж байгаа гэв.

Нэр дэвшигч Ц.Цогт нь Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэжлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 88.64 оноо авчээ.

 

+ There are no comments

Add yours