Улаанбаатар хотод анх удаа “Хөтөч тайлбарлагчийн ёс зүйн дүрэм”-ийг мөрдөж эхэллээ

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Санамж бичигт нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар, Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр, Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбооны гүйцэтгэх захирал Б.Мөнхбат нар гарын үсэг зурлаа.

Нийслэл Улаанбаатар хотод аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын хөгжилд төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын харилцааг идэвхжүүлэх зорилгоор энэхүү санамж бичгийг байгуулж байгааг нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар энэ үеэр онцолж хэлсэн юм.

Санамж бичгийн хүрээнд талууд аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, сургах, аялал жуулчлалын салбарын мэдээ, мэдээллийг харилцан солилцох, төрөл бүрийн судалгаа, шинжилгээ хийх, олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах аж.

Мөн санамж бичгийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод анх удаа мөрдөж буй “Хөтөч тайлбарлагчийн ёс зүйн дүрэм”-ийг хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Аяллын хөтөч тайлбарлагчийн баримтлах зарчим, тавигдах шаардлага, үйлчилгээ үзүүлэх явцад мөрдөх ёс зүйн хэм хэмжээ, үүрэг хариуцлагыг энэхүү “Хөтөч тайлбарлагчийн ёс зүйн дүрэм”-ээр тогтоон мөрдүүлсэнээр аялал жуулчлалын салбарын хөгжлийг нэг шат ахихад дэмжлэг болно хэмээн үзэж байна.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

+ There are no comments

Add yours