“U money картыг пос машинаар цэнэглэдэг болно”

“Улаанбаатар смарт карт” компаниас “U money” картын цэнэглэлтэд шинэ үйлчилгээ нэвтрүүлэхээр туршиж буй болон “Ёндоотой карт” урамшуулалт хөтөлбөрийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Easy pay” ХХК-ийн пос машинаар дамжуулан U money картыг цэнэглэдэг болох аж.

Туршилтаар нэвтрүүлж буй энэхүү карт шинэ үйлчилгээний тухай “Easypay” ХХК-ийн бизнес хөгжил хариуцсан захирал Б.Амарцогт хэлэхдээ “Энэ систем нь банкны бэлэн бус төлбөрийн системд 2018 оноос эхлэн нэвтэрсэн.

Бид өөрийн пос төхөөрөмжөөр дамжуулан “U money” картыг цэнэглэх боломжийг олгож байна.

Зөвхөн бэлэн мөнгөөр цэнэглэдэг байсан картыг бид банкны төлбөрийн картаар болон цахим түрүүвчээр дамжуулан цэнэглэх боломжийг нээж өгч байгаа юм.

Цаашид бид гар утаснаасаа автобусны картаа цэнэглэх боломжийг олгох зорилт тавин ажиллаж байна” гэв.

Улаанбаатар смарт карт” компанийн бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Мөнхболд хэлэхдээ “Бид өмнө нь U money картын цэнэглэх хүртээмжийг сайжруулж, гэрээт борлуулагчдыг нэмнэ гэдгээ танилцуулсан.

Энэ хүрээнд хоёрдугаар сарын 7-14-ний хооронд “U money” картыг банкны пос машинаар цэнэглэх туршилтын ажлыг хийхэд бэлэн боллоо.

Туршилтад 70 орчим гэрээт борлуулагч хамрагдана. Энэхүү туршилтын үр дүнгээс хамаарч албан ёсоор нэвтрүүлэх хугацаа тодорхой болно.

Гэхдээ бид энэ сардаа багтан пос төхөөрөмжөөр дамжуулан карт цэнэглэх үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьж байна.

Банкны пос терминалаар дамжуулан цэнэглэх үйлчилгээг нэвтрүүлбэл худалдаа эрхлэгчид нэг төхөөрөмж дээр төлбөр тооцоогоо болон “U money” картыг цэнэглэх боломж бүрдэнэ.

Түүнчлэн манай байгууллага энэ онд багтааж гэрээт борлуулагчийнхаа тоог энэ 1,500-д хүргэнэ гэсэн зорилт тавин ажиллаж байна.

Туршилтын ажлууд маань амжилттай болохоор хэрхэн үйлчилгээнд нэвтрүүлэх чиглэлээр мэдэгдэл хийх болно” гэв.

Улаанбаатар смарт карт” компанийн маркетингийн менежер Б.Батзул “Урамшуулалт хөтөлбөрийн тухайд карт дээрх 16 орны сүүлийн 6 орон тоогоор азтангаа шалгаруулна.

Тухайлбал:

  • Сүүлийн 4 орон таарсан хэрэглэгч бол 100 хүртэлх азтанд сарын хязгааргүй зорчих  карт бэлэглэнэ.
  • 5 орон таарсан 10 хүртэлх азтан 500,000 төгрөгийн урамшуулал олгоно
  • 6 орон таарсан 2 сая төгрөгийн 1 супер азтан тус тус тодорно.

Нийслэлийн төсвөөс энэхүү хөтөлбөрт ямар нэг байдлаар санхүүжилт гаргаагүй бөгөөд Улаанбаатар смарт карт компанийн таван жилийн ойн хүрээнд хэрэглэгчдээ урамшуулж буй хөтөлбөр гэдгийг онцлох нь зүйтэй.

Хэрвээ тухайн азтан нэг сарын дотор ирж, шагналаа аваагүй тохиолдолд тухайн шагналын санг нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд хандивлана.

Эхний азтан ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу хоёрдугаар сарын 12-ны өдөр 18:50 цагт тодорно. 

Түүнчлэн энгийн, хүүхдийн гэх мэт төлөлт хийж авч байгаа картууд сугалаанд оролцох боломжтой бөгөөд хугацаатай карт, хөнгөлөлттэй карт болон оюутны карт хамрагдахгүй”гэлээ.

Тохирол сар бүрийн хоёр дахь долоо хоногийн Лхагва гарагийн 18:50 цагаас UBS телевиз болон “Улаанбаатар смарт карт” пэйж хуудсаар шууд дамжуулах аж.

Азтан болохын тулд:

  • Хэрэглэгч нийтийн тээврээр тухайн сард картаар 10-аас дээш удаа зорчсон байх
  • Нийтийн тээврийн хөлсийг төлбөр төлөн зорчиж буй энгийн болон хүүхдийн карт, мөн Хаан банк, Юнител Мобиком, Скайтел компанитай хамтарсан картын хэрэглэгч байх шаардлагатай.

Түүнчлэн Umoney.mn сайтаар дамжуулан хэрэглэгчид бүртгүүлээд төлбөрийн дэлгэрэнгүй гүйлгээг харах боломжтой аж. Картаа сайттай холбосноороо азтан болсон тохиолдолд шууд холбогдох бололцоог бүрдүүлэх тухай албаныхан онцлов.

+ There are no comments

Add yours