Цагаан сарын өмнө иргэдийн тэтгэврийг тэглэх асуудлыг бүрэн дуусгах чиглэл өгчээ

Засгийн газар Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан 30 мянга, 500 мянга болон түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргаcан. Ингэснээр бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 350 мянга, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 300 мянган төгрөг болгон шинэчлэгдэж байна.

Тэтгэвэр, халамж, асаргааны тэтгэмжийн нэмэгдэлтэй холбогдуулан ХНХ-ын сайд С.Чинзоригоос тодруулахад “Засгийн газрын тогтоолоор ирэх хоёрдугаар сарын 1-нээс тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэмжээгээр олгоно. Тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хуулийг УИХ-аас баталсан. Хуулийг хэрэгжүүлэх учиртай. Би холбогдох байгууллагуудын удирдлагатай уулзаж, тодорхой үүрэг чиглэл өгсөн. Нэгдүгээрт, “Эрдэнэс Монгол” компани Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар үнэт цаас гаргах ёстой. Энэ ажлыг яаравчлах хэрэгтэй. Мөн Хөгжлийн банк үнэт цаасанд баталгаа гаргах асуудлыг шуурхайлах чиглэл өгсөн. Цагаан сарын өмнө иргэдийн тэтгэврийг тэглэх асуудлыг бүрэн дуусгах чиглэл өгсөн. Нэгдүгээр сарын эхээр тэтгэвэр олгогдсоны дараа хууль батлагдсан. Тэгэхээр арилжааны банкууд нэгдүгээр сарын тэтгэврээс зээлийн төлбөр, хүүг нь суутгачихсан байгаа. Хоёрдугаар сарын тэтгэвэр дээр нэмэгдүүлсэн тэтгэврийг олго. Дээр нь нэгдүгээр сарын тэтгэврээс зээл, зээлийн хүүнд суутган тооцсон мөнгийг нэмж олгох чиглэл өгсөн. Түүнчлэн хоёрдугаар сарын тэтгэврийг олгохдоо зээл, зээлийн хүүг суутгахгүйгээр олгох үүрэг өгөөд байна. Энэ асуудлыг Ерөнхий сайдад танилцуулж, захирамж гаргуулна”гэлээ.

+ There are no comments

Add yours