Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар С.Дэлгэрмаа нарын 11 иргэний нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд холбогдох хэргийг шийдвэрлэжээ. Дээрх маргаан нь “Элэг бүтэн Монгол” хөтөлбөртэй холбоотой бөгөөд Дээд шүүх нэхэмжлэлийн 3 шаардлагаас нэгийг хэрэгсэхгүй болгож, 2-ыг нь хангасан байна.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 06 дугаар “Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” тогтоолын 4.5-д заасан холбогдох хэсгээс “хоёр хүртэлх удаагийн” гэснийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэж, хангалгүй орхижээ.
Харин элэгний В, Д вирусэд хэрэглэгдэх нэрлэн заасан эм болон шинжилгээний зардлыг 100 хувь хөнгөлөх эсэхийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, өөрийн эрх хэмжээний хүрээнд асуудлыг шийдвэрлээгүй, тухайлбал, нэхэмжлэлд нэрлэн заасан тодорхой нэрийн эм болон шинжилгээ нь үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөлд хамаарах эсэхийг шийдээгүй, яагаад хөнгөлөх боломжгүй байгаа тухай үндэслэл бүхий хариуг өгөөгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзжээ. Шүүхээс хариуцагчид хуульд нийцүүлэн нэхэмжлэлд зааж буй эм болон шинжилгээнд үнийн хөнгөлөлт олгох эсэхийг шийдэхийг, өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд нэрлэн заасан эм болон шинжилгээ нь өвчтөнд хэрэглэх зайлшгүй шаардлагатай эмчилгээний төрөл мөн эсэх, ялангуяа эмчилгээний өндөр үр дүнтэй, өөр бүтээгдэхүүнээр орлуулах боломжгүй эм, шинжилгээг яагаад хөнгөлөх боломжгүй талаар үндэслэл бүхий хариу өгөхийг даалгасан байна.
Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт “Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал төлбөр гүйцэтгэх журам”-ын 2.5.1 дэх хэсгийн “төрийн өмчийн” гэснийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хуулийн дээрх заалтыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлжээ. Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага ачаалал ихтэй, зарим шаардлагатай оношилгоо, шинжилгээний төхөөрөмж дутуу, хэрэгцээт цаг хугацаанд шаардлагад нийцсэн тусламж үйлчилгээг хүртээж чадахгүй байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Эрүүл мэндийн хуульд гэрээ байгуулсан л бол эрүүл мэндийн үйлчилгээг даатгалын хөнгөлөлт эдэлж авч болохоор хуульчилсан болохоос “төрийн” эмнэлгийн байгууллага гэж хязгаарлаагүй, журмын дээрх заалт нь эрүүл мэндийн даатгалаар оношилгоо, шинжилгээ хийлгэх хүсэлтэй иргэдийн эрхийг хязгаарласан байна гэж шүүх үзжээ. Гэхдээ “хувийн” эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй оношилгоо, шинжилгээг хийхийн тулд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэр гарч, гэрээ байгуулж хэрэгжих учир хариуцагч энэ талаар судалж зохих шийдвэр гаргатал шүүх журмын холбогдох хэсгийг түдгэлзүүлсэн байна.
More Stories
Манай улсад Телеграмм аппликейшн ашиглан бусдыг залилах гэмт хэрэг олширсоор байна
Манай улсад Телеграмм аппликейшн ашиглан бусдыг залилах гэмт хэрэг олширсоор байна.Тухайлбал, 2024 оны 07 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ...
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3.002 жолоочийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас "Дүрмээ мөрдье" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 02-ны өдрөөс долоодугаар сарыг дуусталх хугацаанд зохион...
Шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ тус клубийн ажилчдад хутга тулган айлган сүрдүүлжээ
Нийслэлийн прокурорын газраас Т, Г нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....