Хийн баллоны дэргэд цахилгаан зуух, ил утастай зуухыг байрлуулж болохгүй

Улсын баяр наадам ойртож байгаатай холбогдуулан шингэрүүлсэн шатдаг хий хэрэглэгч нийтийн хоолны газрууд, баяр наадмын үеэр цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд асар, майханд хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ явуулах аж ахуйн нэгж, иргэдийн шингэрүүлсэн шатдаг хийн /газ/ баллонт тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааг хангуулах, хэрэглэгчдийн хэрэглэж байгаа шингэрүүлсэн шатдаг хийн баллонт тоног төхөөрөмжийн ашиглалтын байдалд тавих дотоодын хяналтыг сайжруулах зорилгоор НМХГ-аас дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

  1. Баяр наадмын үеэр цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд асар, майханд хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ явуулах аж ахуйн нэгж, иргэдийг “Хийн аж ахуйн техник ашиглалтын дүрэм”-ийн 1.2.1 “…олон нийтийн газарт болон орон сууцанд байрлуулсан ахуйн зориулалттай хийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хариуцагч нь хийн аж ахуйн байгууллага буюу сургалтын төв дээрх сургалтанд жилд нэгээс доошгүй удаа хамрагдсан байх ёстой.”, 3.8.2 “Хийгээр ажилладаг тоног төхөөрөмжийг ажиллуулдаг хүмүүс нь хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны талаар сургалтанд хамрагдаж, зааварчилгаа авч, ажиллуулах дадлага хийж, мэдлэгээ шалгуулсан байна…” гэсэн заалтын дагуу сургалтанд хамруулж, хийн тоног төхөөрөмжийг аюулгүй ашиглах анхан шатны мэдлэгийг олгох;
  2. Шингэрүүлсэн хийтэй баллоныг гадаа /асар майхан, ил задгай/ байрлуулахдаа нарны тусгал шууд тусахгүй байрлалд хөдөлгөөнгүй бэхэлж байрлуулах, мөн асар майханд 2-оос илүү тооны баллон байрлуулахгүй байх;
  3. Хийн баллоны дэргэд цахилгаан зуух, ил утастай зуух /плитка/ зэргийг байрлуулж ашиглахгүй байх;
  4. Хийн баллонт тоног төхөөрөмж бүхий байрлалд “Хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 3.8.6 “Нийтийн байр, ахуйн үйлчилгээ, цайны газар, зочид буудал зэрэгт хийн түлшээр ажилладаг тоног төхөөрөмжийг аюулгүй ажиллуулах талаар санамж зааварчилгааг ил тод бичиж тавьсан байх…” гэсэн заалтын дагуу аюулгүй ажиллагааны зааварчилгааг байрлуулах, хийн баллонт тоног төхөөрөмж аюулгүй ашиглах талаарх зөвлөгөөг сайтар дагаж мөрдөх;
  5. Шингэрүүлсэн шатдаг хийн баллон болон хийн тоног төхөөрөмжийн дэргэд “Хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 3.11.1 “Эзэмшигч байгууллага нь хий дамжуулах хоолой, тоноглол дээр суурилуулсан дохиолол, автомат хянах ба хэмжих хэрэгсэл болон тэсрэлтийн ба галын аюултай бүс, байрны цахилгаан хэлхээний аюулгүйн горимыг хангасан тэсрэлтийн хамгаалалттай цахилгаан тоног төхөөрөмжийн урсгал болон их засвар, байнгын техникийн хяналт, үйлчилгээг хангаж байж ажиллах ёстой.” гэсэн заалтын дагуу хий алдагдал мэдрэгч дохиолол суурилуулж, хий алдсан тохиолдолд автоматаар хаах хэрэгслээр тоноглох;
  6. Хангагчаас хийтэй баллоныг авч хэрэглэхдээ ашиглалтын шаардлага хангасан, гэмтэлгүй бүрэн бүтэн баллон авч байх, гэмтэлтэй ашиглалтын шаардлага хангахгүй баллоныг хүлээж авахгүй хангагчид буцаан өгч байх;
  7. Улсын байр наадмын үеэр цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд асар майханд шингэрүүлсэн шатдаг хийн баллонт тоног төхөөрөмжийг угсарч суурилуулах ажлыг зөвхөн мэргэжлийн байгууллагаар хийлгэх, ашиглаж эхлэхээс өмнө хийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг сайтар шалгуулж актаар баталгаажуулах;

Шингэрүүлсэн шатдаг хийн баллонт тоног төхөөрөмж хэрэглэгч аж ахуйн нэгж, иргэд дотоодын хяналтаа сайжруулан хийн аюулгүй хэрэглээндээ ”Газрын тосны бүтээгдэхүүний тухай” хууль, “Хийн хангамж” БНбД42-01-04, “Хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Хийн аж ахуйн техник ашиглалтын дүрэм”, “Даралтат савыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”, “Автотээврийн хэрэгслээр хүний амь насанд аюул учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэх журам”-ийг тус тус мөрдлөг болгон ажиллах нь зүйтэй.
2019 оныг “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгосонтой уялдуулан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтэс” нэр бүхий цахим хаяг шинээр нээж иргэд, ААН, байгууллагуудтай мэдээлэл санал солилцон хамтран ажиллаж байгаа тул уг хаягаар цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санал, хэрэгжилт, мэдээллийг ирүүлж хамтран ажиллахыг зөвлөж байна.

+ There are no comments

Add yours