Монголын нэг өдөр…

Хоймортоо залдаг хол эртний нэг хааны зурагтай, хоногийн хоолтой, хоноцын зайтай нэгэн айл байх. Саахалт ноёны сүрэгтэй бэлчдэг саалийн ганц үнээтэй, салхи үнэрлэдэг таван ямаатай, сахилгагүй хэдэн хүүхэдтэй гэнэ. Өвсний сөлтэйг идэж, усны тунгалагийг уудаг ухаа халзан ганц үнээ нь өдөр бүр ам дүүрэн өвстэй, дэлэн дүүрэн сүүтэй ирнэ. Ээж нь тогоо дүүрэн сүү хөөрүүлж, дэлгэц дүүрэн ааруул тавьж, аяга дүүрэн өрөм хамж, айл хөршдөө атга борц, арвин амттанаар борлуулан амар тайван аж төрнө. Хүүхдүүд нь өдөр өдрөөр өссөөр, хоёр том залуу нь хоймроо булаалдах болжээ. Тэдний нэг нь МАНгар нэртэй, нөгөөх нь АНгар алдартай юмсанж. МАНгар, АНгар хоёрын санаа өсч, салхи үнэрлэхийн хэрээр саалийн ганц үнээнийхээ өрөм сүүг булаацалдаж, өглөө бүр хэрүүлтэй, үдэш бүр зөрчилтэй. Багачууд нь ч яахав, таван хар ямаагаа тавь болтол өсгөж, байгаа хоолоо идэж, байхгүйг нь мөрөөдсөөр, өдөржин шаагилдаж, шөнөжин унтана. Том хоёр хүүгийн нойр ч хүрэхээ байв, ном ч сурахаа болив. Саалийн ганц үнээгээ салгаж өөрийн болгоод, савнаасаа хальсан өрөмтэй, сархадаасаа хальсан нэрмэлтэй болж, өрх тусгаарлан өнгөтэй суухсан хэмээн зүүдэлж хононо, зүхэж босно. Гэтэл МАНгар нэг өдөр өрсөн заль гаргаж, алсаас яваа, аялга ондоо гийчинд саалийн ганц үнээгээ өгөхөөр тохироод, үнэ өртөгөнд нь 109 сая ногооны үнэтэй зуудаг нохой нэгийг олоод ирж дээ. Үүнийг мэдсэн удаах хүү АНгар нь саахалтын ноёнд бараалхан, саалийн ганц үнээгээ өөрийн болгохоор ярьж дээ. Ноён яахав дээ, таван хар ямаагаа өгөөд танайх хувиа ав гэсэн юм байх. Хөөрхий дүү нарынхаа өл залгуулж, өдөр өнгөрөөдөг тавин ямаанаас өөрийн мэдлийн тавыг өнөөх хүү тууж аваачаад өгчихөж дээ. Өгсөн юм болохоор авна гээд хамгийн их сүү, хамгийн өег өрмийг мань эр зооглох болж гэнэ. Гэр дүүрэн маргаан, гэдэс ходоодны хэрүүл болдог юм байгаа биз дээ. Ингээд дэлэн дүүрэн сүүтэй, дэлхий дүүрэн явдалтай ганц үнээний эзэн тодорхойгүй, бэлчээр дундын, сүүг нь саадаг хүн олон, сүрлийг нь дөхүүлдэг хүн ч үгүй болж дээ. Том хүүгийн үнээгээ барьцаалан байж олж ирсэн Стандарт нэртэй зуудаг хар нохой барьж идчих гээд хөдөлгөхгүй, багалзуурдаж унагаачих гээд боргочихно. Учир явдал юу болоод байгааг ухаж ойлгоогүй дүү нар нь зуудаг хар нохой, зуурдаг том ах нартайгаа муудалцаж хэрэлдэх нь олшров, муухайг хэлэлцэх нь нэмэгдэв. Тийн суутал нэг өдөр саалийн ганц үнээ нь бэлчээрээс ирсэнгүй. Хоосон тогоо, хоол нэхсэн хүүхдүүдээ хараад хөгшин муу ээж нь аргаа барж, араг үүрээд үнээндээ явж дээ. Хаа холоос харлан харагдах газар хамаг хөлсөө цутгасаар яаран ирвэл саалийн ганц үнээг нь малын хулгайч махлаад сууж байж. Айсан ээж нь аргаа баран хашгирав, амдаж гүйсэн МАНгар, АНгар хоёр учир явдлыг ам уралдан тайлбарлав, адаг сүүлд нь муудалцав. Ач тач үзэлцэв, ана мана зодолдов. Ах нь дүүгээ барьж ноцов, дүү нь ахыгаа барьж зодов. МАНгар нь манай үнээ энэ гээд махалсан толгойг нь заав. АНгар нь миний үнээ энэ гээд мөчилсөн шийрийг нь заав. Хоёулаа л хоосон хоцрохоос айсандаа малын хулгайчтай нам хуйвалдаж, сэм явалдсанаа хүлээжээ. Саалийн ганц үнээнийхээ ширгэж байгаа дэлэнг аваад хөөрхий ээж гэрээ зүглэв, хөл нүцгэн багачууд нь угтав. Хоймортоо залдаг хол эртний хааныхаа зурагт мөргөж учирлав, сүрэнд сөгдөж ярив. Маргааны шийдэл эс олдов, маргаашийн амь зуулга тодорхойгүй үлдэв. Хааны хөрөг эс дуугарахад харин Оюук нэртэй онгироо нэг дүү нь АНгар, МАНгар хоёрыг бараадаж өссөн Хүүк, Туук гэдэг хөөрхөн хоёр ахтайгаа хамтран эвийг олно, энхийг тохинуулна гэж элдвийг цуураад, өнөө өнчин хэдийнхээ өмч хөрөнгийг тоолж манав, тоосолж хураав. Толгой дээр нь зайдлаад том том бүлтрэв гэнэ, тоодгор оодгор загнав гэнэ. АНгар, МАНгар хоёр саалийн ганц үнээнийхээ толгой, шийрийг тэвэрсээр ирж, тэнхээ мэдэн уралцсаар, тэвчээр алдан хэрэлдсээр, сахилгагүй дүү нар нь ч амрахаа байв, саахалтын ноён ч ажрахаа болив. Шөнөдөө гэтэл саалийн ганц үнээнийх нь сарвайсан дэлэнг нөгөөх золбин хар нохой нь зуугаад зугтсан байжээ. Ингээд энэ айл саая гэхнээ үнээ ч үгүй, хөөрүүлье гэхнээ сүү ч үгүй, хамъя гэхнээ өрөм ч үгүй үлдэж дээ. Өглөө нь саахалтын ноён ирж, сахилгагүй хэдэн ямаанаас нь өөрийнхөө хувийг үнээний өртөг хэмээн аваад буцахад хар нутаг дээрээ хамаг хүүхэд нь хэрэлдээд хоцров, хайртай ээжийнх халуун бие шаналж өвдсөөр шархандаа дэмийрч, шанх нь бууралтсан юм гэдэг…Ачилж мэдэхгүй МАНгар, АНгар хоёр тэнд гарч зодолдож, энд гарч зөрчилдсөөр, Хүүк, Туук хоёр дээгүүрээ тэврэлдэж, доогуураа өшиглөлцсөөр, барилдана ч гэж янзтай, бархирна ч гэж бачтай. Энэ зуур таргийн таван ямаа нь тарж одов, танхай таван дүү нь хайж одов, тамир муутай ээж нь өлбөрч улдав.

Р.ЭМҮЖИН.

+ There are no comments

Add yours