Цаг цагаараа байдаггүй, Хүрэлсүх хүнээрээ байдаггүй гэдгийг бид өнгөрөгч нэг жилийн хугацаанд хангалттай харлаа. Ард түмнээс сонгогдсон 65 гишүүнээ хагархай шаазан шиг дахин эвлэхээргүй талцуулан байж Монгол Ардын нам гэдэг 97 жилийн түүхт улс төрийн ууган хүчний дарга болж байсан дүр зураг ердөө 365 хоногийн өмнө шүү дээ.
20 настай бацаан байхдаа хоёргүй сэтгэлээр намдаа зүтгэнэ гэж ам тангараг өргөн гишүүний батлахаа авч, Төрийн ордонд намынхаа шатсан тугийг хоёр гартаа барьсан зураг нь өнөөдөр ч хэвлэлийн хуудаснаа заларч байна. Тэр намынхаа шатсан тугийг хоёр гартаа барьсан нь намаа хоёр хуваах ёр бэлгэ байж. Намын генсек байхдаа Н.Энхбаярыг намаасаа хөөж хар амиа бодон Австрали зугтаж байлаа. Өнгөрөгч сонгуулиар намаа 65 суудалтай бүдүүн бүлэг болон Их хуралд ирэхэд тухайн үеийн намын удирдлагууд нь түүнийг Монгол Улсын Шадар сайд хэмээх өндөр сэнтийд залсан нь хамгийн буруу алхам болсон. Шадар сайд байхдаа өөрийн танхимыг огцруулах ажилд ижлээ идэж, хажуудахаа хазан байж идэвхийлэн оролцсон юм.
Тэр үед 65-ын бүдүүн бүлэг хоёр хуваагдсан. Намын ялалтын туг дэрвэх хүртэл зугтаж байгаад ирээд намдаа том албан тушаал авдаг, нам ялагдсан үед гадаад улсад галуу шувууны мах идэж зугаалдаг У.Хүрэлсүх мэтээсээ МАН эхлээд салах ёстой. Хоёр жилийн өмнө Хүрэлсүхийн эзгүйд МАН-ынхан сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлж үнэмлэхүй ялалтын тугаа хатгаж байв. Ачааны хүндийг намынхан нь үүрдэг, аахилж уухилахаас өөрийг хийж үзээгүй Хүрэлсүх мэт нь гэнэт гитар барин тайзнаа дуулан гарч ирээд Шадар сайд болж байх жишээтэй. Намынхаа Засгийн газраа огцруулахын тулд өөрийн талын гишүүддээ нэг тэрбум төгрөг амласан гэх яриа гарч байсныг та санаж байгаа байх. Гэхдээ энэ төлбөрөө өөрөөсөө төлөхгүй татвар төлөгч бидний хуруу хумсаа хуйхлан байж олсон мөнгөний татварын мөнгөнөөс өгсөн гээд бодохоор гунигтай байгаа биз.
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийг цуйван таваглаж байгаа мэт хуваагаад өгчихдөг ичдэггүй өгөр толгойг яах вэ. Намынхаа, засгийнхаа улс төрийн бүхий л эрх мэдлийг гартаа атгачихаад чихгүй баавгайд төмсөгдүүлэн “Би шүдгүй арслан” хэмээн гэнгэнэж суугаа нь муугийн ёр өөрт нь гэдэг болж гэхээс өөр хэлэх үг алга. Шударга ёсны хайчийг хөдөлгөж, хууль бус зүйл хийхгүй байхыг хүсч байсан шаар өнөөдөр засагтаа байгаа сайд нартаа хариуцлага тооцож чадахгүй, өөрийг нь дэмжиж Ерөнхий сайд болгосон гишүүддээ ЖДҮ-г хөгжүүлэх сангийн мөнгөнөөс өгчихөөд хулгай нь илрэхээр Их хурлаа тараана гэж байх юм.
У.Хүрэлсүхэд Монголын ард түмний нэг нь ч санал өгч сонгоогүй. Харин УИХ-ын 76 гишүүнийг ард түмэн сонгосон. Ард түмнээс дэмжлэг авалгүй өндөр сэнтийд тухалсан Сүх хүү ард түмнээ талцуулан суух тийм ёртой байж. МАН 200 мянган гишүүдтэй. У.Хүрэлсүхэд намынхан нь хэн ч биш харагдаж болно. Харин ард түмэн өөрөөс нь том гэдгийг хэзээ ойлгох юм бол. Хүрэлсүх мөнгөтэй байна. Тэр мөнгө нь намын ерөнхий нарийн бичгийн даргаасаа эхлээд өндөр албан тушаалтнууд болон УИХ, Засгийн газрын гишүүддээ хуваарилж өгсөн ЖДҮ-ийн 950 сая төгрөгүүд. Ард түмний халааснаас сэгсэрсэн мөнгөөрөө ард түмний тархийг угаах их ажилд ёстой цацаж өгч байна.
Богд хаант Монгол Улсын үед Хүрэлсүх ийм өндөр сэнтийд заларсан бол шүтэж мөргөхсөн. Ардчиллын салхи сэвэлзсэн эдгээр он жилүүдэд иймэрхүү хурган коммунистуудын өмнөөс салаавч өгөх хэрэгтэй. Монголын ард түмэнд энх цагийг авч ирэх лидер хэрэгтэй болохоос намынхаа гишүүдийн өмнөөс жагсаал цуглаан зохион байгуулдаг Топор муужгай огт хэрэггүй. Хумсаа нуусан муур, хүн чанаргүй сүгнүүд л Монголын ирээдүйд хамгийн их хортой доо. Энэ муу өгөр толгойн ёроор энх цагийг үзнэ гэдэг юу л бол.
Цаг цагаараа байдаггүй, Хүрэлсүх хүнээрээ байдаггүй гэж юутай үнэн.
эх сурвалж: www.erennews.mn
More Stories
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Энэ оны 1 улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээТөрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2026 оны 1...
“Хөх сувд” мөсний баяр “Гайхамшигт Хөвсгөл” уриан дор зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох” жил болгон зарлаж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна....
Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” уриан дор зохион байгуулж байна
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээн хоёрдугаар сарын 28-наас...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....