2011 онд Хөдөө аж ахуйн биржийн тухай хууль батлагдаж 2013 онд Монгол Улсад “Хөдөө аж ахуйн бирж” ХХК байгуулагдсан түүхтэй. Нэгэнтээ, тус биржийн дарга Х.Баатар сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа, “ноос ноолуурын спот арилжаа хийдэг, “падаан” зардаг нэртэй, 170 гаруй сая төгрөгийн алдагдалтай компанийг хүлээн авсан манай баг “Хөдөө аж ахуйн бирж”-ийг сонгодог утгаар нь ажиллуулах чиглэлээр хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллаж байгаа… Хөдөө аж ахуйн түүхий эдийн бэлтгэлийн тогтолцоог сайжруулж хоршоог биржийн арилжаанд оролцуулах төслийг боловсруулж Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд оруулсан.
Ноолуурын дуудлага худалдааг хэд хэдэн аймаг суманд зохион байгуулсан. Хэнтий, Сүхбаатар аймагт ноолуурын үнэ 2016 оныхоос харьцангуй өндөр байсан. 2017 оны 4-р сараас хойш ноолуурын ханш Төв болон баруун аймгуудад унаж эхэлсэн. Ноолуурын үнэ ханш олон зүйлээс шалтгаалдаг. Бид ингээд ноолуурын зах зээлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр ноолуурын анхны форвард арилжааг өнгөрсөн оны 12-р сард хийсэн. Энэ арилжаанд монголын үндэсний компани монгол хүн оролцож хоршоодоос ноолуур хүлээж авах урьдчилсан гэрээг байгуулсан…” хэмээн ярьж байв.
Үнэнийг хэлэхэд, сүүлийн жилүүдэд манай улсын ноолуурын үнэ ханшийг ченж нэртэй хэдхэн хятад иргэн тогтоож, мөнгийг хүүлж байгааг хэн хүнгүй мэдэх ч чихээ бөглөж, нүдээ анисаар өнөөг хүрсэн. Тэр ч утгаараа Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн ноолуур 2016 онд 1кг нь 95000-102000 мянган төгрөгт хүрч, Хөвсгөл, Төв аймгаас эхлүүлсэн ноолуурын үнэ ханшийг унагаах ажлыг ноолуурын салбарт монополь эрхээ тогтоох гэсэн хятад ченжүүд хурдтай хийсэн учир яг үнэндээ Хөдөө аж ахуйн бирж ч ноолуурын үнэ ханшийг бодитой тогтооход дорвитой үүрэг гүйцэтгэж чадахгүй байсан түүх бий. Энэ утгаараа Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааг шинэчилж монголын түүхий эдийн зах зээл дээр монголчууд өөрсдөө тоглогч болох арга хэмжээг авах шаардлага маш тулгамдсан асуудал болж гарч ирсэн. Энэ зорилгын хүрээнд түүхий эдийн ложистикийн төвүүд бий болгох, түүхий эд худалдан авдаг үндэсний компаниуд бий болгох чиглэлийн арга хэмжээг 2017 оны стратеги төлөвлөгөөндөө тусгаж, ажил болгож ажилласанаар Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа зөв явагдсан хэмээн үзэж байгаа хүмүүс олон бий.
Мөн монголын ноолуурын зах зээл дээр монголчууд, гадаадын компаниуд, хувь хүнтэй өрсөлдөж гол тоглогч болох чиглэлээр Хөдөө аж ахуйн биржээс дэс дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн хамгийн чухал хэсэг нь урьдчилсан гэрээ болох форвард гэрээ. Гэрээ хийснээс хоршоо урьдчилгаа авч тодорхой хугацааны дараа бараагаа хүлээлгэн өгч, төлбөр тооцоо хийх нь форворд арилжаа юм. Хамгийн гол нь үүнд монголын үндэсний компаниуд болох “Говь”, “Гоёо” санаачлагатай оролцож, малчин гишүүнтэй хоршоодоор хүрээгээ тэлбэл, цаашдаа зөвхөн ноос, ноолуур биш арьс нэхий, мах, амьд мал арилжаанд орох бүрэн боломжтой юм. Хөдөө аж ахуйн салбарын хамгийн чухал зүйлийн нэг олон дамжлагагүйгээр буюу ченжийн тогтолцоог халах, малчдыг оруулж ирэхийн тулд хоршоодыг байгуулах нь зөв алхам.
Хөдөө аж ахуйн биржийн хэвлэлийн төлөөлөгч, “Хөдөө аж ахуйн бирж” нь 2017 онд 163 удаагийн спот, 1 удаагийн форвард гэрээний арилжаа зохион байгуулсан. Ингэснээр нийтдээ 6,955.7 тонн ноолуур, 10,887.6 тонн хонины ноос, 355.5 тонн тэмээний ноос, 1,674.1 тонн ямааны завод ноос, 1,206.7 тонн хонины завод ноос, 4.7 тонн очёс, 0.1 тонн сарлагийн хөөвөр тус тус арилжиж, нийт 572,5 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байгаа. Мөн Монгол Улсад анх удаа ноолуурын форвард гэрээний арилжааг амжилттай зохион байгуулж, нийт хэлцлээр 11,5 тонн боловсруулаагүй ноолуурын ирээдүйд буюу 04 дүгээр сард хүлээлцэх гэрээг арилжсан. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үүсмэл санхүүгийн хэрэгсэл арилжих гэрээний нээлтийг хийж, 7 хэлцлээр 11,5 тонн боловсруулаагүй ноолуурын форвард гэрээг хоршоо болон түүхий эд худалдан авагч үндэсний компаниудын хооронд хийсэн. Форвард гэрээний арилжаа нь хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг тодорхой хугацааны дараа худалдах, худалдан авах зорилготой бөгөөд малчид, хоршоод малын гаралтай түүхий эдийн зах зээлийн үнэ бодитоор тогтоход оролцох, зах зээлийн үнийн эрсдэлээс сэргийлэх, түүхий эд боловсруулах үйлдвэрүүд түүхий эд нийлүүлэлтийн эрсдэл болон зах зээлийн үнэ хэт хөөрөгдөх эрсдэлээс сэргийлэх зэрэг ач тустай. 2018 оны 4 дүгээр сарын 1 нд Хөдөө аж ахуйн биржийн анхны форвард гэрээ амжилттай хаагдаж, ноолуурыг 107,000 хүлээлцэж. БНХАУ-ын тэргүүлэх спот гэрээ арилжаалдаг Тяньжин Бохай биржтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан” хэмээн өгүүлсэн.
Харин энэ онд Баянхонгор аймгийн Баянцагаан, Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд болсон “Ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа”-гаар Баянцагаан суманд цагаан ноолуур 115,00-116,000 төгрөг \анхан шатны боловсруулалт сайтай ноолуур 116.000 төгрөг\, өнгийн ноолуур \ялгахгүйгээр\ 102,000 төгрөг, Эрдэнэ суманд цагаан ноолуур 116,000 төгрөг, өнгийн ноолуур 102,000 төгрөгийн ханш тогтоож чаджээ. Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд болсон төвлөрсөн дуудлага худалдаанд үндэсний үйлдвэрүүд олноор ирж оролцсон нь өрсөлдөөн бий болгож, ноолуурын ханш өндөр тогтоход сайнаар нөлөөлсөн хэмээн малчид хоршоод сэтгэл ханамжтай байсан юм.
Дашрамд дурдахад, үндэсний үйлдвэрүүд дотооддоо боловсруулалтын чанараа ахиулаад байх юм бол орлого нь нэмэгдээд л байна. Одоогийн байдлаар манай улсад ноолуурын 80 хувийг нь угааж гаргаж байна. Угааж гаргаж байгаагаа самнах, эцсийн бүтээгдэхүүн хийж экспортолбол орлого өснө. Одоо экспортод гаргаж байгаа ноолуурын ихэнх нь гадны буюу БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд ноолуурыг угааж гаргаж байна. Тиймээс манай үндэсний компаниуд ноолуур худалдан авч боловсруулах, экспортод гаргахад өргөн оролцох шаардлага зүй ёсоор гарч ирж байгааг сануулах юун.
СЭТГҮҮЛЧ Х.ХАЛИУНАА




