Хүүхэд харах үйлчилгээг өөрийн өмчлөлийн байранд явуулж болох уу

Энэ Лхагва гаригт цэцэрлэгт шинээр элсэн орох хүүхдүүдийн бүртгэл эхэлсэн. 2018-2019 оны хичээлийн жилд 2-5 насны 312611 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдана. Гэхдээ цэцэрлэгийн хүртээмжээс шалтгаалаад 257 мянган хүүхэд л цэцэрлэгт хамрагдахаар болжээ.

Энэ бол нийт 2-5 насны хүүхдийн 82 хувь, үлдсэн 18 хувь нь хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах болсон талаар БСШУСЯ-ны холбогдох албаныхан мэдээлсэн. Өнгөрсөн онд  4952 хүүхэд, хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан бол энэ тоо өөрчлөгдөхгүй хэвээр байх юм байна.  Хүүхэд харах үйлчилгээнд  2018 онд 6,5 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Энэхүү хүүхэд харах үйлчилгээг улсын цэцэрлэгт оролгүй үлдсэн хүүхдүүдийн асуудлыг шийдэх зорилгоор 2015 онд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг УИХ-ын чуулганаар баталсан. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд “Нэг иргэн таваас дээш хүүхэд харахгүй. Гурван иргэн хамтраад нэг дор 15 хүүхэд харж болно. Хүүхэд харах багш 14-30 хоногийн түргэвчилсэн сургалтад хамрагдаж, сертификат авна” гэж заасан.

Мөн хүүхдийг харах эрх зүйн этгээдийн тухайд “Хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-аас 65 насны Монгол Улсын иргэн байна” гэж заасан байдаг. Үүнээс гадна хүүхэд харах үйлчилгээ явуулах байрыг зааж өгсөн. Тодруулбал, Хүүхэд харах үйлчилгээг өөрийн өмчлөлийн байр, түрээсийн байр, гэрийн нөхцөлд зохион байгуулж болно.

Түүнчлэн тусгайлан бэлдсэн жижиг байшин, өрөө тасалгаанд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг. Гэвч өнгөрсөн 2016 онд хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа иргэдэд шалгалт явуулахад шаардлага хангаагүй байранд үйлчилгээ эрхэлсэн, хүүхдийн тоо хэтрүүлсэн, хүүхэд харагч ёс зүйн алдаа гаргаж хүүхдийн эрхийг зөрчсөн зэрэг удаа дараагийн алдаа, зөрчил гаргасан 42 төвийн үйл ажиллагааг зогсоосон. Энэ жил алдаа зөрчил гаргаж байгаа байгууллагад эцэг эхчүүд тавих хяналтаа давхар сайжруулж хамтран ажиллахыг уриалж байна.

+ There are no comments

Add yours