Хоёр настай хүүгийн эрлийн ажлыг зогсоожээ

Баян-Өлгий аймгийн Цэнгэлт сумын малчин С-ийн хоёр настай хүү 2018 оны зургадугаар сарын 6-нд 19.00 цагийн орчимд гэрийнхээ гаднаас сураггүй алга болсон юм. Аймгийн Онцгой байдлын хэлтсээс ар гэрийнхэнтэй нь хамтран эрлийн ажиллагаа явуулсан ч өнөөдрийг хүртэл хүүг олоогүй.

Эх сурвалжийн мэдээлснээр ар гэрийнхнийх нь хүсэлтээр өчигдрөөс эхлэн эрлийг зогсоожээ. Хүүг алга болохын өмнө ширүүн урсгалтай голын хажууд орхисон байсан гэнэ. Тиймээс усанд осолдсон байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Мөндөлтэй хошуу” гэдэг газар 11 настай, эрэгтэй Б  тавдугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагт “Орхон” голд осолдсон дуудлагыг тавдугаар сарын 29-ний өдрийн 10:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, ар гэрийн 12 хүн, нийт 20 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.  Зургаадугаар сарын 13-ны өдөр тус сумын Хонгорморьт багийн “Мөндөлтэй хошуу” гэдэг газраас ОХУ-ын хил хүртэл 100 км-т 2 удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр 21:03 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоогоод байгаа аж.

Иймд урин дулааны цагт эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, гэмтэл бэртэл, ослоос урьдчилан сэргийлэхийг холбогдох байгууллагаас зөвлөлөө.

+ There are no comments

Add yours