Цагаан зээр сүрэглэж, цагаан өвс халиурсан хавар эртийн Дорнын тал шаргалтан сүүмэлзэх нь соньхон. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэд хоёр хуваагдаж, газар нутгаа хамгаалан тэмцэж байгаа тухай мэдээлэл ирсэн учир газар дээр нь очиж үүссэн нөхцөл байдалтай танилцахаар сэтгүүлч миний бие Дорнын их тал руу хүлгийн жолоо залсан юм, өнгөрсөн долоо хоногт.
Мянга, мянган жилийн түүхийг халиуран шаргалтах цагаан өвс, жирэлзэн долгилох цагаан зээрийн сүргийн хамтаар эвхэж, хөлгүй их тал цайвалзаар… Жил дараалан хур тааруу жил тохиосон учраас тэрүү армаг тармаг ногоон судгийг эс тооцвол дорнын их тал шаргалтан цайвалзсаар нар жаргасан хойно аймгийн төвд ирж хоноглосон бид өглөөний нартай уралдан Цагаан-Овоо сум руу гараад “шидчихэв”.
Холоос зорьж очсон биднийг бага үдэд сумын төвд очиход хөдөө нутгийн амгалан амьдрал болсон эль хуль орчин угтах нь тэр. Сумын төв талбай бололтой, төрийн далбаа уйтгартайхан хийсч, аль хэдийнэ 10 цаг өнгөрсөн ч сумын төв эл хуль хэвээрээ л харагдах. Нэлээд удсаны эцэст нутгийн иргэд мэр сэр харагдаж эхэлсэний ихэнх нь халамцуу… бие засах газар асуусан сэтгүүлч эмэгтэйг нүдээ ээлжилж анин хэсэг зуур хараад “манай сумын төвд жорлон байхгүй ээ, хашааны сүүдэрт шээчих… гэсэн зөвлөгөөг өгсөн 40 л гарч яваа залуу, Хайлаарт малчнаар ажиллаж байгаад ирсэн нөхөр гэнэ. Ямар цалингаар ажиллах вэ гэсэн асуултад, монголчуудын амны уншлага болсон орос хараалыг урсгасаар “муриулчихсан” арай гэж зардал олж ирээд, ах нь гутарсандаа 7 хоног ууж байна гэх. Гутарч архидаж байхаар гутал ч болов засвал амьдралд хэрэгтэй юм биш үү гэсэн асуултад “чи битгий хуц, надаар гутлаа засуулах п… хаана байдаг юм гэсээн гуйвлан алхсаар гудамж тойров.
Үдийн алдад буриад дээлтэй 30 орчим настай бүсгүй халбилзан алхсаар ирсэн нь өвгөдийн нутаг Цагаан-Овоо сумандаа алтны доншуучдыг оруулах болоогүй хэмээн даналзах нь нүдэнд содон, бас соньхон аж… багагүй ярилцсаны эцэст бүсгүй барилгын компанитай болж таарав. Өөрийнх нь биш ч аавынх нь эрх мэдэл 100 хувь байдаг тус компанийн төслийг дэмжүүлчих санаатай нэлээд явж байгаа. Хэрэв тэр компани нь ажилтай болчихвол ингэж газар нутгийнхаа төлөө тэмцэх завгүй болчих байх гэсхийгээд бидний яриа цааш явахаа болих нь тэр…
Ингээд сумын Засаг дарга, Иргэдийн хурлын даргыг ажилдаа ирэхэд нь цөөн хором ярилцсан юм. Сумын Соёлын төвийн зүүн талд ундуй сундуй харагдах хоёр давхар туйпуун байшин сумын “Нутгийн удирдлагын ордон” гэнэ. Орох хаалга нь ваакуумдаж, цөөнгүй цонхоо ч мөн ижил ваакуум цонхоор шинэчилсэн уг барилгын насыг л лав сумын Засаг дарга болон Иргэдийн хурлын даргын аль аль нь нарийн хэлж чадаагүйгээр барахгүй, 60 эсвэл 70-аад оны үед л баригдсан байх хэмээж байв.
Гаднаасаа ч дотроосоо ч жигтэйхэн өвөгжирсөн уг барилга дотор ажилладаг аймгийн засаг захиргааныхан хаа очиж их залуу хүмүүс юм. Энэ тухай мэдээллийг байшин руу ороод баруун эргэхэд нүдэнд шууд тусах ханын самбараас харж болно. Шороонд дарагдсан байшингийн буланд хазгай мурий ч гэсэн ормог тармаг харагдах уг самбарт тавигдсан мэдээллийг харахад Иргэдийн төлөөлөгдийн хурлын дарга, Сумын Засаг даргаас бусад нь 30-40 насныхан аж. Засаг захиргаанд ажилладаг бүх хүмүүсийн товч намтартай инээмсэглэсэн зураг бүхий тайлбартай самбарыг орхин цэвэрлээгүй удсанаас шороонд дарагдсан шатаар өгсөж, хоёр давхарт гарч, баруун буланд байрлах Иргэдийн төлөөлөгчдийн хурлын өрөөнд байх дарга нартай уулзав.
Засаг дарга, -Манай сум 1969 онд, нэгдэлжих хөдөлгөөн ялсаны 10 жилийн ойгоор Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнасан байдаг юм. Сумын нийт иргэдийн 90 хувь нь буриад ястан. Энэ жил манай аймаг 80.000 дахь иргэнээ тодруулж, манай хөрш зэргэлдээ Сэргэлэн суманд тодорсон байгаа. Манай суманд мянган өрхийн 3558 хүн бүртгэлтэй хүн амьдарч байна. Өнгөрсөн жил 182 мянган мал тоолуулж, аймагт малын тоогоор хоёрт орсон, засаг, захиргааны зургаан багтай. Эхийн эндэгдэл сүүлийн 4 жилд гараагүй. Хамгийн сүүлд 2014 онд нэг гарсан. Сумын эхчүүд Дорнод аймгийн төвд очиж Зүүн бүсийн төвд хэвтэж, амарждаг хэмээсэн.
Харин орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийг хэрхэн зарцуулдаг болон ажлын байр нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч ажиллаж байгаа тухай тодруулахад, нийгмээ дагаад амьжиргааны түвшин доогур айлууд байдаг. Өнгөрсөн жил төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг дэмжих жил болгон зарлаж, төрийн бус байгууллагуудтай нэлээд хамтарч ажилласан хэмээсэн. Тус суманд эмэгтэйчүүдийн, залуучуудын, ахмадын холбоо, мөн уяачдын, сурын, бөхийн холбоо гэх мэтээр нийгэм рүү чиглэсэн \засаг дарга ингэж тодотгосон\, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагууд олон бий гэнэ.
Түүнчлэн энэ онд ажлын байр нэмэгдүүлэх жил болгон зарласан нь уул уурхайтай холбоотой, мөн төр засгаас явуулж байгаа ажлын байр нэмэгдүүлэхээр явуулж байгаа үйл ажиллагаануудтай холбосон гэнэ. Тиймээс ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр ямар ямар ажил хийсэн бэ гэсэн асуултад, “Төрөөс хог хаягдлыг зайлуулах чиглэлээр улсаас өдрийн 28.000 төгрөгөөр ажиллуулахаар төсөвлөсөн төсөв байдаг. Энэ төсвийг сумын Хөдөлмөр халамжийн мэргэжилтнээр дамжуулан сумынхаа тогтвортой ажилгүй иргэдийг ажилтай байлгах ажлын хүрээнд бүртгэж ажиллуулдаг. Ер нь ажлын байр нийтийг хамарсан чиглэлээр байдаг. Дээр нь сум хөгжүүлэх сангийн санхүүжилт бас энэ чиглэлд хамрагдаж зарцуулагддаг” гэх үүнээс орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын зарцуулалт хэр үр дүнтэй байгааг тодруулахад, “орон нутгийн хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтыг бид зөв зүйлд, үр дүнтэй зарцуулах ёстой. Тиймээс талх барьж, нарийн боов хиймээр байна, гутал хиймээр байна, дээл хувцас оёмоор байна, эсгий хиймээр байна, мал ахуйгаа өсгөмөөр байна гэх мэтээр янз бүрийн төрлөөр төсөл бичиж хандсан иргэдийн төслийг сангийн зөвлөлөөр хурлаар хэлэлцэж, хэн ямар төсөл бичив, тэр төслийг хэрхэн яаж дэмжих вэ гэдгээ хэлэлцэж шийдвэрлэдэг. Хамгийн гол нь сумын иргэд бараг бүгд нэгнээ мэднэ. Тиймээс төсөл бичсэн хүн өөрөө ажилтай билүү, ажилгүй билүү, цаашид ажлын байраа аваад явах чадвартай билүү гэх мэтээр хэлэлцэж, хэнийг төслийг дэмжих вэ гэдгээ шийдвэрлэдэг. Төв суурин газар биш, сум бол цомхон нэг нэгнийгээ мэддэг болохоор давуу тал ихтэй л дээ” хэмээн онцолж байсан юм.
Мөн Цагаан-Овоо сум нь уул уурхайгүй улсаас татаас авдаг. Учир нь энэ сумынхан газар тариалан байхгүй, уул уурхай байхгүй, тиймээс малын түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулж амьдардаг. Ажилгүйдэл ихтэй, сумын хэмжээнд төрийн албан хаагч гэж 150 хүн ажилладаг бол 18-45 насны 2105 хүн ажилгүй байгаа аж. Мөн сумын сургуульд 600 орчим, цэцэрлэгийн насны 360 хүүхдийн 250 хүүхэд нь 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгт хүмүүждэг. Сургууль, цэцэрлэгийн өргөтгөл маш хэрэгтэй байгаа учир УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт удаа дараа хүсэлт хүргүүлдэг ч ямар ч хариу өгөхгүй байгаа талаар учирлаж байв.
Засаг дарга, “сумд цэцэрлэг, сургуулийн өргөтгөл нэн шаардлагатай байна. Төрөөс өгдөг санхүүжилт, боловсрол, эрүүл мэнд, цалин, тог цахилгаан гээд л дуусна. Одоо сумын соёлын төвийн байр нурах шахаж байна. Энэ талаар бүх л газарт бичиг хүргүүлдэг тоох хүн алга. Хамгийн гол нь манай сумын хүн ам өсөх хандлагатай байна. Энэ хэрээр ажлын байр шаардлагатай болж байна. Тиймээс бид сумандаа орж ирж байгаа уул уурхайг дэмжих байр суурьтай байгаа. Уул уурхайн чиглэлээр манай суман ажил эхлэх гэж байгаа сургаар уурхайд ажиллахаар өргөдөл өгсөн иргэдийн тоо 340 гарчихсан байна” хэмээсэн.
“Харин уул уурхайг оруулж ирэхээс эсэргүүцэж байгаа дөрвөн хүний хоёр нь улаанбаатарт амьдардаг хүмүүс. Монгол Улсын Засгийн газрын Алт2 хөтөлбөр байна. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь зүйтэй гэсэн Монгол Улсын Засгийн газрийн шийдвэр гарсан байдаг. Манай суманд анх удаа 2012 онд уул уурхайн компани орж ирэх гэж байгаа юм биш. 2003 онд Франц Монголын хамтарсан Кожева компани анх уран хайх зорилгоор хайгуулын лиценцтэй орж ирсэн байдаг юм. Үнэхээр ашигт малтмалыг ашиглуулахгүй гэж байгаа юм бол тэр үед энэ компанийг хөөж байхгүй яасан юм. 2003 оноос 2010 он хүртэл энэ хүмүүс хаана байсан юм. Иргэдтэй өчнөөн уулзаж, санал хүсэлтийг нь авахаар иргэд өөрсдөө ажлын байртай болмоор байна гээд дэмждэг шүү дээ. 2017 оны есдүгээр сард Спэд гоулд компани ашиглалтын лицензтэй үйл ажиллагаагаа эхлэхээр орж ирсэн, манай суманд. Тэр үед сумын иргэд уулзалт ярилцлагад нь ороод, ажлын байранд хүмүүс бүртгүүлээд л, тэр бүү хэл хотод сурдаг оюутнуудтай айлууд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлээд л зүв зүгээр л явж байсан. Гэнэт л 2018 оны нэг, хоёр сараас л гэнэт эсэргүүцсэн хүмүүс гараад ирсэн. Эсэргүүцээд байгаа дөрвөн хүний хоёр нь манай суманд амьдардаггүй Улаанбаатарт амьдардаг хүмүүс. Энэ хүмүүс гэнэтхэн гарч ирээд л малчдаар тойроод л сумын айлуудаар яваад л шууд л ухуулга сурталчилгааны ажил эхлүүлчихсэн. Би тэр хүмүүст хэлж байгаа. Та бүхэн Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг хүндэтгэх ёстой гэж.
Харин хамгийн муу мэдээллийг түүж, ор үндэслэлгүй зүйл ярьж, сумын Засаг дарга, Иргэдийн хурлын дарга хоёрыг хамгийн болох, болохгүй үгээр доромжлон, элдэв цуу үг тарааж явдаг энэ хүмүүсийн хувьд одоо хэлэх үг алга. Тэр хүмүүс юу ч ярьж байсан. Энэ сумын ажил явдагаараа явна. Гэтэл энэ байдлыг зогсоох гэж хотоос ирсэн хүмүүстэй нутгийн иргэдийн нэр барьж хоёр нөхөр хамтраад л хүмүүсийг дээрэлхээд л сошиал ашиглаад л элдвээр доромжлоод яваад байх утгагүй л байна. Аяндаа цаг хугацаа хэн хаана зөв ажиллаж байсныг, бас газар нутгаа цөлмөөд хулгайлаагүйг гаргаж харуулна гэж итгэж байна. Мөн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга хоёрыг АТГ-т шалгаж байгаа. Аяндаа үнэн зөв нь гарна гэсэн итгэлтэй байгаа учир айх юм алга. Бидний хувьд ажлын байр нэмэгдүүлэхэд анхаарах ёстой. Тиймээс сумын төвөөс 50 км, Хэнтий аймгаас 15 кмт оршдог хоёр аймгийн нутагт оршдог газар хайгуулын ажил зохион байгуулж байгаа компанийн үйл ажиллагааг шалтгаангүйгээр зогсоох шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Энэ компани ажилласанаар бэлчээр устгагдах, хязгаарлагдах зүйл бол байхгүй л дээ. Манай сумын үндсэн хоёр малчных ойролцоо амьдардаг. Ховд аймгийн Чандмань сумаас шилжиж ирсэн. Орон нутагт бүртггэлтэй нэг малчных байгаа” хэмээсэн юм.
Сүүлийн үед Цагаан-Овоо суманд бэлчээрийн хомсдол бий болгож байгаа хамгийн том шалтгааныг улсын цолтой уяачдын нүүдэл гэж байсан. Учир нь газрын гарц дагаж нүүдэллэсэн нүүдэлчдийн түрүү эгнээнд манай улсын манлай, тод манлай уяачид байдаг гэнэ. Эхлээд нэг хоёр зуугаар толгой мал тоолуулж, бүртгүүлдэг ч хэдэн сарын дараа яваад очиход мянгаар тоологдох адуун сүрэг угаж байгаа тухай сумын удирдлагууд толгой сэгсрэн өгүүлж байсан юм. Энэ яриаг батлах мэт талаар дүүрэн бэлчих цагаан зээртэй зэрэгцэн адуун сүрэг их тааралдаж байсан, Дорнын талд…. Дорнын талд цагаан зээр сүрэглэж, цагаан өвс халиурсан тайван сайхан байна лээ…
Сэтгүүлч Х.Ган-ялалт
+ There are no comments
Add yours