Ерөнхийлөгч БНХАУ, УИХ-ын дарга ОХУ-ыг зорино

УИХ-ын дарга М.Энхболд ирэх долоо хоногт зарим гишүүдийнхээ хамт ОХУ-ыг зорихоор болжээ. ОХУ-ын хууль тогтоох дээд байгууллага Олон улсын парламентын холбоотой хамтран зохион байгуулж байгаа хуралд оролцох юм байна. Түүний дараагийн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ыг зорьж Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит хуралдаанд оролцохоор төлөвлөжээ. Энэхүү мэдээллийг УИХ-ын дарга М.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэллээ. Үүнийг дуулгах болсон шалтгаан нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан хаалттай хуралдаан зохион байгуулж гадаад бодлогын асуудлаар мэдээлэл солилцож нэгдсэн ойлголттой болох санал гаргасантай холбоотой юм. УИХ-ын дарга М.Энхболд түүний саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд дээрх хоёр айлчлалаас өмнө хаалттай хуралдаан зохион байгуулах хүсэлтэй байгаагаа хэллээ. Тэрээр Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад хаалттай хуралдаан зохион байгуулах тухайгаагаа мэдэгдэх юм байна. Хаалттай хуралдаан зохион байгуулахыг дэмжсэн тохиолдол ирэх мягмар, лхагва гаригийн аль нэгэнд хийх боломжтойг УИХ-ын дарга М.Энхболд онцоллоо.

+ There are no comments

Add yours