Иргэний эд хөрөнгийн мэдээлэл 100 хувь цахим болжээ

“Төрийн үйлчилгээг илүү ил тод, хурдан шуурхай болгож, иргэд биш дата өөрөө гүйдэг ухаалаг системийг бий болгоход хуулиуд чиглэгдэх учиртай. Тиймээс  аливаа мэдээллийг үнэн зөвөөр, найдвартай байршуулж хадгалах технологи болох блокчейнд суурилсан бүртгэлийн механизмыг тодорхой болгох шаардлагатай. Цахимжсан, аюулгүй, кодлогдсон энэ системийн тусламжтайгаар бүртгэлийн үйл ажиллагааг бий болгосноор төсөв мөнгөний хувьд ч хэмнэлттэй болно гэж Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт ажиллахдаа Н.Учрал гишүүн хэллээ.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагуудын танилцуулснаар тус байгууллага иргэний 19, эд хөрөнгийн 29, хуулийн этгээдийн бүртгэлийн 10, зохиогчийн эрхийн 3, аж үйлдвэрийн өмчийн эрхийн 33, архивын 28, нийт 122 төрлийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд 2017 онд нийт 1345221 үйлчилгээ өгсөн байна. 
Уулзалтын дараа гишүүд Улсын бүртгэлийн төв архивын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Тус архивт Иргэний баримтын архивын таван сан байдаг байна. Монгол Улсын иргэдийн хувийн хэргийн сан, 1951-1988 оны иргэний гэр бүлийн найман төрлийн бүртгэлийн сан, нас баралт, Монгол Улсын харьяатаас гарсан болон гадаад паспортын гэсэн таван сангаас хамгийн их мэдээлэл бүхий хоёр нь цахимжиж дуусчээ.

Хуулиудын шинэчилсэн найруулга батлагдсанаар иргэдэд цахим үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчин боловсронгуй болох бөгөөд ингэхийн тулд архивын эх нотлох баримт, мэдээллийг цахимжуулах ажил хийгдэж байгааг Архивын дарга С.Оюунгэрэл хэлэв. Өнөөдрийн байдлаар хуулийн этгээд, иргэний эд хөрөнгийн бүртгэлийн мэдээлэл 100 хувь цахимжсан бол иргэн, хуулийн этгээдийн цахимжилт 73 хувьтай байгаа юм байна.

Монгол Улсын Засгийн газраас энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиудыг Улсын Их Хурлаар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд болох УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Ганболд, Н.Учрал нар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын  Хууль зүйн байнгын хороо болон Хууль зүй, дотоод хэргийн яамны холбогдох хүмүүс багтав.

+ There are no comments

Add yours