ЗАСГИЙН ГАЗАР: Тавантолгойн 30 хувьд IPO гаргаж, 4.7 тэрбум ам.доллар босгоно

Монгол Улсын Засгийн газар Тавантолгой төслийг цогцоор нь хөдөлгөх саналаа УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар хэлэлцүүллээ. Өнгөрөгч баасан гаригт энэ тухайгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх урьдчилан мэдээлсэн учир олон нийтийн дунд нэлээдгүй хүлээлт үүсгэсэн юм. Улмаар “Хүчээ нэгтгэе” уриан дор зохион байгуулагдаж буй Монголын эдийн засгийн чуулганы өдрүүдтэй давхцаж буйгаараа ихээхэн онцлогтой байв.

Ерөнхий сайдын “Засгийн газар Тавантолгой төслийг цогцоор нь хөдөлгөхийн төлөө ажиллана” гэсэн утга бүхий мэдээллийн дараа Хонконгийн хөрөнгийн бирж дээрх ММС компанийн хувьцаа 18 хувиар өссөн таатай мэдээлэл байна. Өчигдөр тус компанийн хувьцааны үнийн өсөлт 10 хувьтайгаар хаагджээ.

Энэ нь Тавантолгой төслийг хөдөлгөх асуудал дотоодын төдийгүй гадны хөрөнгө оруулагчдын ч анхаарлыг татсан хэвээр буйг илтгэж байгаа юм. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Засгийн газраас Тавантолгой төслийг хөдөлгөх саналаа нэлээд ерөнхий байдлаар танилцуулж, гишүүдэд тусгай брошюр хэлбэрийн танилцуулга тараасныг доор нийтлэн үзүүлэв. Энэ нь гишүүдэд хангалттай мэдээлэл өгөөгүй, хэт ерөнхий шинжтэй байсныг ч үгүйсгэх аргагүй юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ч тэр мега төсөл бүрийнхээ тодорхой судалгаа мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар өгсөнгүй. Асуудлыг дахин ярилцах учиртай гэсэн байр суурийг нэгдмэл байдлаар илэрхийлжээ. Мөн зарим эх сурвалжууд эрх баригч намын бүлэг доторх зарим поп гишүүдээс болгоомжлох үүднээс эхний ээлжинд бүх хөзрөө задлаагүй гэх мэдээлэл ч өгсөн юм.

Маргааш УИХ дахь МАН-ын бүлэг дахин хуралдаж, Тавантолгой төслийн талаарх байр сууриа нэгтгэхээр болсон байна. Эрх баригч намын бүлэг дээр хийсэн танилцуулгаас харахад, Тавантолгой төслийн 30 хувьд IPO гаргаж, нийтдээ 4.7 тэрбум ам.доллар босгох замаар төслөө хөдөлгөх боломжтой гэж үзсэн байна. Үүний үр дүнд Тавантолгой төслийн авто зам, төмөр зам, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, нүүрс химийн үйлдвэр барих бүрэн боломжтой гэж үзжээ. Тавантолгой төслийг дагалдуулан

АВТО ЗАМ

-Тавантолгой-Гашуун сухайт чиглэлд 250 км зам /жилд 30 сая тонн тээвэрлэлт/

-Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэлд 435 км зам /жилд 20 сая тонн тээвэрлэлт/

ТӨМӨР ЗАМ

-Тавантолгой-Зүүнбаян-Сайншанд чиглэлд 448 км /жилд 30 сая тонн тээвэрлэлт/

-Тавантолгой-Гашуун сухайт чиглэлд  267 км /жилд 30 сая тонн тээвэрлэлт/

-Зүүнбаян-Ханги чиглэлд 270 км

-Нарийн сухайт-Шивээ хүрэн боомт чиглэлд 46 км /жилдээ 18 сая тонн тээвэрлэлт/-ийн дэд бүтцийн төслүүд хэрэгжинэ гэж тооцоолсон байна.

Тавантолгой төслийг цогцоор нь хөдөлгөх асуудлыг эхлээд Засгийн газраас эрх баригч намын бүлэгт танилцуулах замаар чиглэл авч, түүнийгээ ҮАБЗ-д танилцуулан зөвлөмж авахаар төлөвлөсөн байна. Улмаар асуудлыг УИХ-аар хэлэлцэж, үүний дараа гадаад дотоодын хөрөнгийн биржийн дүрэмд нийцүүлэн IPO гаргах ажлыг эхлүүлэхээр төсөөлжээ.

ЗУРАГ: МАН-ЫН БҮЛГИЙН ГИШҮҮДЭД ТАРААГДСАН ЗАСГИЙН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА

+ There are no comments

Add yours