Хүүхдүүдийг ялгаварлан гадуурхсан асуудлаар Цэцэд хандах уу

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар УИХ-аар хэлэлцэгдэж буй асуудлуудаар байр сууриа нэгтгэсэн байна. Мэдээллийн эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт өгөх ёстой гэсэн өмнөх байр сууриасаа буцахгүй. Хүүхдийн мөнгөний талаар хоёр хуулийн төслийг УИХ хэлэлцэж буй. Нэг нь, Засгийн газрын өргөн барьсан хүүхдүүдийн 80 хувьд нь сар бүр 20 мянган төгрөг олгох тухай хуулийн төсөл.

Нөгөө нь Ерөнхийлөгчийн мэдүүлсэн хүүхэд бүрт 100 хувь мөнгө олгох тухай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцэхээр УИХ-аас хамтарсан ажлын хэсэг гараад буй. Тус ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, хүүхдийн мөнгийг Засгийн газрын оруулж ирсэн саналаар дэмжих нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Харин энэ дүгнэлтэд ажлын хэсэгт багтсан АН-ын бүлгийн хоёр гишүүн гарын үсэг зурахгүй” гэж мэдэгдсэн юм.

Мөн тэрээр “Хүүхдийн мөнгөн дээр улстөржих шаардлага байхгүй. Чуулганы хуралдаан дээр ихэнх гишүүд хүүхдийг ялгаварлахгүйгээр энэ мөнгийг олгох эдийн засгийн боломж байгааг ярьсан. Хүүхдийн мөнгөний асуудал Засгийн газрын санал буюу 80 хувиар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд орж ирвэл АН-ын бүлэг эхний ээлжинд завсарлага авна. Цаашлаад энэ хууль батлагдвал энэ хуульд хориг тавих талаар Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүлнэ.Бүр цаашлаад хүүхдийг ялгаварласан асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана”  гэсэн байр суурь илэрхийлэв.

Түүнчлэн У.Хүрэлсүхийн Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын хугацаа өнөөдрөөр дуусч буйг мэдээлэв. АН-ын бүлгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг огцруулах саналыг хүргүүлээд буй. Харин Засгийн газраас хоёр сайдаа хууль зөрчөөгүй хэмээн үзжээ. Үүнээс гадна АН-ын бүлгээс төсвийн тодотголыг тавдугаар сарын 14-ний дотор оруулж ирэх шаардлагыг тавьсан ч хүлээж аваагүй, хугацаа нь дуусгавар болж байна. Энэ нь Үндсэн хуулийн зөрчил рүү хөтөлнө гэдгийг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Засгийн газарт сануулсан юм.

+ There are no comments

Add yours