Автобус “Норд бенз”-тэй мөргөлджээ

Орон нутагт хүний амь нас эрсдэж, олон хүн эрүүл мэндээрээ хохирсон зам тээврийн ослууд гарсаар байна. Ослын гол шалтгаан нь жолооч хурд хэтрүүлэх, эсвэл техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй гэх мэт олон олон шалтгаантай гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээлдэг.

Өнгөрсөн ням гаригт л гэхэд техникийн бүрэн бүтэн байдлаа хангаагүй жолоочийн буруугаас болж олон хүүхэд зорчиж явсан автобус осолдох шахсан ноцтой хэрэг гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан суманд байх “Гэгээ” гэх хүнсний дэлгүүрийн уулзварт эл осол гарсан бөгөөд БЮ улсын дугаартай “Дэгү” маркийн автобус “Норд бенз” маркийн ачааны том машинтай мөргөлджээ. Ослын улмаас автобусны жолооч гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Дээрх автобусанд 32 хүүхэд, 12 том хүн зорчиж явжээ. Тэдний бие зүгээр, бүгд Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж үзлэгт хамрагдсан байна.

Баттай эх сурвалжийн мэдээлснээр, тавдугаар ангийн 32 сурагч эцэг эхийн төлөөллийн хамт зугаалаад буцаж явсан нь энэ аж.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар  автобусны тормоз гэнэт ажиллахаа больсон учраас урдаас ирж буй том машины хажуугаас очиж мөргөн зогссон байна.

Дархан-Уул аймгийн Замын цагдаагийн албанаас ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж буй бөгөөд жолооч нарыг хурдаа тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж, хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхааруулав.

+ There are no comments

Add yours