Tuesday, December 10 2024

Шон О’Фарелийн Монгол Улсад албан айлчлал өндөрлөв

УИХ-ын дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел тэргүүтэй төлөөлөгчид дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад албан айлчлал хийлээ.

Монгол Улс Ирланд Улстай 1998 оны 12 дугаар сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон. Хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм.

УИХ-ын дарга М.Энхболд Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарелийг их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчилсэний дараа хоёр орны парламентын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээнд УИХ-ын гишүүн, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Н.Оюундарь, УИХ-ын гишүүн, тус бүлгийн дэд дарга Г.Тэмүүлэн, БНИУ-аас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Оуэн О’Лири нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа.

Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболд, Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел нар Монгол Улсын Их Хурал, Ирланд Улсын Ойрэактас (парламент)-ын Дайл Эйрэанн (Төлөөлөгчдийн танхим буюу Доод танхим) хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурав. Санамж бичигт гарын үсэг зурснаар талууд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх болон холбогдох бүхий л салбарын харилцааг тогтвортой хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах замаар хоёр орны найрсаг харилцааг улам бэхжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой юм.

Ноён Шон О’Фарел айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхахын зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдтэй уулзсан юм.
Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах үеэр аялал жуулчлал, хөдөө аж ахуй, техник технологи, боловсрол гээд бүхий л салбарт Монгол Улстай хамтран ажиллах боломжтой хэмээн Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел цохон тэмдэглэв. Мөн улсынхаа эдийн засгийн бүтэц, экспорт, импортын талаар дэлгэрэнгүй танилцуулж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.


УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарелтaй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, харилцан сонирхсон бүс нутгийн болон олон улсын харилцааны асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар Монгол, Ирландын харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, боловсрол, мэдээллийн технологи, аялал жуулчлалын салбарт хөгжүүлэх, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхлоо илэрхийлэв.

Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбар дахь хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх боломж, чиглэлийн талаар хөндөн ярилцсан юм.

Ийнхүү УИХ-ын дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийсэн албан айлчлал амжилттай өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

+ There are no comments

Add yours

You May Also Like: