Шүлхийгээс сэргийлэх вакцинжуулалт хийгдэнэ

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар мал амьтны гоц халдварт шүлхий өвчин 8 аймгийн 23 суманд оношлогдон хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мал эмнэлгийн газрын удирдлагууд гуравдугаар сарын 24-нд Сонгинохайрхан дүүргийн Шар хөтөл, Баруун турууны постууд дээр ажиллаж авто тээврийн хэрэгсэлд хийж байгаа ариутгал халдваргүйтлийн ажлын талаар мэдээлэл өглөө.

Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр, Хан-уул дүүргийн Өлзийт, Таван толгойн гүүр, Сонгинохайрхан дүүргийн Шар хөтөл, Баруун туруун, Налайх дүүргийн Тэрэлжийн уулзвар, 4-р зөрлөг, Багахангай дүүргийн Авто тээврийн шалган бүртгэх товчооны дэргэд ариутгал халдваргүйтлийн пост гарган 24 цагаар ажиллуулж байна.

Орон нутгаас нийслэлийн нутаг дэвсгэрт нэвтэрч байгаа, дамжин өнгөрсөн бүх тээврийн хэрэгслийг ариутгал халдваргүйтэлд бүрэн хамруулж байна.

Ариутгал халдваргүйтэл хийж байгаа 8 цэгт Нийслэлийн мал эмнэлгийн газраас малын их эмч 20, дүүргүүдийн хувийн хэвшлийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдээс малын их эмч, мэргэжилтэн нийт 60 гаруй хүн ажиллаж байна.

Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга М.Адилбиш,“Нийслэлийн нутаг дэвсгэрт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт 5 дугаар сарын 1-нээс хийгдэж эхэлнэ. ОХУ-аас ирэх сарын дундуур вакцин авахаар төлөвлөж байна. Уг вакцинжуулалтад шүлхий өвчинд мэдрэмтгий мал, амьтныг хамруулна” гэлээ.

Ариутгал халдваргүйтэлд ашиглаж буй ариутгалын бодисууд нь олон улсад туршигдаж зөвшөөрөгдсөн өвчнийг нянг идэвхгүйжүүлдэг. Ялангуяа хүйтэн сэрүүний улиралд нянгийн идэвхжлийг бууруулдаг лимоны хүчлийг ашиглаж байгаа юм.

Малын гоц халдварт шүлхий өвчин 2001 онд Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт, 2006 онд Хан-Уул дүүрэгт, 2017 онд Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдэд гарч хорио цээрийн дэглэм тогтоож нийт 619 толгой мал амьтныг устгалд хамруулжээ.

+ There are no comments

Add yours