Ганц цохилт

Одоогоос хоёр жилийн өмнө цагдаагийн албан хаагч нар нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарч байв. Тодруулбал, цагдаагийн албан хаагч Б.Өлзийбуян нь 2015 оны аравдугаар сарын 9-ний өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Горхи мэлхий хад” амралтын газарт хамт олноороо амарч байхдаа албан хаагч Х-г нэг удаа цохиж унагасны улмаас амь насанд нь хүрсэн юм. Талийгаач Х нь Б.Өлзийбуяны нүүр, толгой руу хэд хэдэн удаа цохисон ч Б.Өлзийбуяны нэг цохилт түүний аминд хүрсэн байдаг.

Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд, Б.Өлзийбуянг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жил хорих ял оногдуулсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Харин Улсын дээд шүүх уг хэргийг өчигдөр хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүх оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэсэн үндэслэлээр 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн  атлаа 2002 оны Эрүүгийн хуульд заасан ялын хэмжээтэй дүйцэхүйц ял оногдуулж хууль буцаан хэрэглэх журмыг зөрчсөний дээр гэмт хэрэг гарахад хохирогч Х-ийн буруутай үйл ажиллагаа шууд нөлөөлсөн нөхцөл байдлыг ял оногдуулахдаа харгалзан үзээгүй нь буруу гэж дүгнээд  Б.Өлзийбуянд оногдуулсан ялыг 9 жил хорих болгон өөрчилж шийдвэрлэв.

+ There are no comments

Add yours