Tuesday, May 7 2024

Д.Медведев Монгол, Оросын төмөр замын хэлэлцээрт гарын үсэг зуржээ

ОХУ-ын нийслэл Москва хотноо өчигдөр Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын XXI хуралдаан эхэлжээ. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын XXI хуралдааныг Монголын талаас Шадар сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын талаас ОХУ-ын Байгалийн баялаг, экологийн яамны сайд С.Е.Донской нар даргалж XX хурлын протоколын хэрэгжилтийг дүгнэн, Эгийн голын усан цахилгаан станцын бүтээн байгуулалт, хил орчмын бүс нутгийн хөгжил, зам тээвэр, эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байгаа юм.

Мөн үеэр бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын Дэд комисс хуралдаж, ОХУ-Монгол-БНХАУ-ын эдийн засгийн коридор хөтөлбөрийн хэрэгжилт, хоёр улсын хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцэх аж.

Засгийн газар хоорондын хуралдааны үеэр ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцлийн тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын шинэ хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Энэхүү хэлэлцээрийн гол зорилго талууд бараа бүтээгдэхүүнээ төмөр замаар тээвэрлэн гуравдагч оронд гаргах таатай нөхцлийг бүрдүүлэхэд чиглэжээ. Ингэснээр манай экспортлогчид бүтээгдэхүүнээ далайн улсуудад саадгүй экспортлох боломжтой болох юм.

Түүнчлэн төмөр замаар дамжин өнгөрөх хоёр улсын ачаа тээврийн үнийн бодлогыг уян хатан болгох, хил гаалийн хяналтыг хялбарчлах, тээврийн урсгалыг тогтвортой нэмэгдүүлж, төмөр замын чанарыг сайжруулахыг хэлэлцээрт тусгажээ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: